“Эрдэнэс таван толгой” ХХК хэлбэрт шилжин 1072 хувьцааг залгихаар шийджээ

🕔 2017/05/11 10:13   

“Эрдэнэс таван толгой” ХХК хэлбэрт шилжин 1072 хувьцааг залгихаар шийджээ

Монголчууд   заримдаа "Эрдэнэ­зууд мөргөхөөр яв­сан зараа”-ны үлгэрээр амьд­­рах юм аа. Өнгөрсөн сон­гуу­лиар Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшинэ” хэмээн шоудаж, "Эрдэнэс Таван­толгой” компанийн 1072 шир­хэг хувьцааг тараасан. Үнэ­нийг хэлэхэд, тараасан ч гэж дээ Хөрөнгийн биржид иргэн бүрийнхээ нэр дээр данс нээсэн юм гэнэ лээ. Түүнийг нь юм болгож, ахуй амьдралдаа ашигласан хүн тун цөөн. Хоёр мянга гаруй ахмад сая төгрөг халаасалсан байдаг. Мөн сонгууль болохоос 14 хоногийн өмнө төр мөнгө гаргаж цөөн тооны хувьцаа худалдаж авсан.  Хэн гээч аз гийсэн нөхөр хувьцаагаа боломжийн үнээр борлуулж орхисныг хэлж мэдэх юм алга. Харин эгэл ардын нэг, миний  хувьд  хувьцаагаа хэдийнэ мартаж орхисон.  Тэнгэрээс од шүүрэхтэй адил юм чинь.  

 

 

Гэхдээ л хүн юм болохоор заримдаа шар хөдөлж 1072 хувьцаагаа суралцах л юм.  Өмнө нь нэг  удаа сураг ажиг тавихад "юун хувьцаа, Чалько” компаниас авсан зээлээ төлөх гэж Монголын Засгийн газар үйлээ үзэж байхад  гэх таагүй зүйлийг сонсоод ядарч явахад нь  нэмэр болохгүй байж, ногдол ашиг энэ тэр гээд яах вэ гээд өнгөрсөн.  2011 онд Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газар Чалкогоос  250 сая ам.долларын зээл авч түүнийгээ "Хүний хөгжил сан”-д шилжүүлэн, иргэн бүрт олгодог 21 мянган төгрөг энэ тэрд зарцуулаад дууссан юм гэнэ лээ. Үнэнийг хэлэхэд, би 21 мянган төгрөгийг авсан үгүйгээ мэдэхгүй байна. Эргэн тойрон дахь хүмүүсээс сураглатал миний адил толгой сэгсрээд сууж байх юм.  Тэгэхээр авсан хүмүүст ч юм болоогүй бололтойдог.  

 

Харин одоо  Монгол Улс  өрийнхөө ард гарсан болохоор "Эрдэнэс таван толгой” ногдол ашгаа өгөх байх гэтэл  бас  үгүй аж.  Ямартай ч эдийн засагч Ч.Ганхуяг, Л.Наранбаатар нарын мэдээллээс үзэхэд, тус компани удирдлагууд  хувьцаа эзэмшиж байгаа 2.5 сая иргэн болон хувьцааг нь нэрлэсэн үнээр нь худалдаж авсан 533 аж ахуйн нэгжийг  үл тоож байгаа төдийгүй гол хувьцаа эзэмшигчдэдээ мэдэгдэхгүйгээр томоохон хэлцэл хийхээр завдаж байгаа гэнэ.  Хууль бус эл үйлдэл нь  Компанийн тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байгаа  юм байна.

 

Нөгөөтэйгүүр, "Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн дөрөвдүгээр  энэ сарын 28-ны өдөр хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийхээр зарласан авч  иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллийг  саналын эрхгүй­гээр оролцуулаагүй нь эргэлзээ төрүүлээд эхэллээ.   Ийн хэлэх хэд хэдэн үндэс байна. Нэгдүгээрт, "Эрдэнэс Тавантолгой” бол 100 хувь төрийн мэдлийн компани биш. 

 

Тэгсэн атал үйл ажиллагааных нь хэлбэр  ХХК байгааг юу гэж ойлгох болж байна вэ.  Компаний тухай хуульд зааснаар  "Эрдэнэс Тавантолгой”  үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулж байгаа юм бол түүнийгээ  улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. Ингэснээр 2.5 сая иргэн, 533 аж ахуйн нэгж тус компанийн хувьцаа эзэмшигчийн бүртгэл баталгаа­жих учиртай юм.   Энэ бүх хууль бус үйлдэл нь ЭТТ хуулийн цоорхойг ашиглан  дураар дургиж байгаагийн нотолгоо биш гэж үү. Нөгөөтэйгүүр, 2007 онд ЭТТ компаний хувьцааг нээлттэй худалдахад үндэсний 533 ААН худалдан авч 7.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг "Эрдэнэс Тавантолгой”-д  хийсэн байдаг.

 

Гэвч компаниудад  өнөөдрийг  хүртэл ашиг хүртээгээгүй төдийгүй 7,4  тэрбум төгрөгийг   хэрхэн зарцуулсан  талаар тайлан тавиагүй явж иржээ. Уншигч та санаж байгаа бол   "Монгол 999 үндэсний нэгдэл”-ийг байгуулах болсны учир нь энэ. Хувьцаа эзэмшигчдийн хурал дээр хуульч Б.Баяр  "Эрдэнэс Тавантолгой”  ХК атлаа нээлттэй эсвэл хаалттай юу гэдэг нь тодорхойгүй хэвээр байна.  Хөрөнгийн биржид бүртгүүлэн, хувьцаа гаргаж, хувьцаагаа арилжиж эхэлснээр нээлттэй ХК болдог.

 

Харин Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хад­га­лам­жийн төвд бүртгүүлс­нээр хаалттай ХК болдог.  Гэтэл  эдгээрийн алинд нь ч бүртгэлгүй тул компанийн статусыг шийдвэрлэх, үүний тулд компанийн дүрэмдээ өөрчлөлт оруулах нь зөв” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлсэн байна лээ.  Ингэхээр   "Эрдэнэс Тавантолгой” гэж компани,  аж ахуйн нэгж байгаа юм уу.   Чалькогийнхоо өртэй хамт Монголын хөрсөөс арчигдсан юм уу гэхээр хувьцаа эзэмшигчдийн хурал гэж зарласан атлаа иргэддээ  ногдол ашиг өгөхгүй юм. 

 

Ямар үед монголчууд 1072 хувьцаа эзэмшигч  болж,  ямар үед нь  "Эрдэнэс таван толгой”   ХХК –ий хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг болдгийн учрыг хэлээд өгөх хүн байна уу.  Монголын төр "Эрдэнэс тавантолгой”-н өмнө ямар гэмтэй болоод иргэдийнхээ эрх ашгийг дорд үзнэ вэ.  Эсвэл Ерөнхийлөгчийн сонгуульд аль нэг улс төрийн хүчнийг  санхүүжүүлэх гээд иргэдийн 1072  хувьцааг барьцаанд тавьчихсан  хэрэг үү. Би учрыг нь олж,  ногдол ашгаас  хувь хүртмээр байна. 

 

Уг нь энэ компанийн эзэд нь монголчууд та бүхэн хэмээн манай улстөрчид цаасан малгай өмсгөдөг. Гэтэл дарга сэтэр зүүсэн нэг нөхөр өөрийн компанийн ажилчдаа оруулж суулгачихаад шаардлага тавьсан хүнийг гөлөг, хуц хэмээн доромжилж сууна. Тэр хэний өмнөөс ийм зүйл ярьж сууна вэ. Ардын өмчид эзэн суучихаад ингэж даам гарч болох уу, та минь ээ. Өөрийн өмч аятай л аашилж, аяглаж суугааг нь хараад зэвүүцэл төрснөө нуух юун. Төр бидний өмчийг ийм л хүмүүсээр мануулж байна. Хувьцаа эзэмшдэг атлаа хуралдаа ч суух эрхгүй монголчууд минь дуугарч эхлэх цаг болсон юм биш үү.

 

Эх сурвалж: Mонголын мэдээ

Ч.Чулуунцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!