"Тавантолгой" ХК Монгол улсын шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

🕔 2017/05/16 13:55   

"Тавантолгой" ХК  Монгол улсын шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

Татварын Ерөнхий Газар жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг "Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ дагуу "ТАВАНТОЛГОЙ” ХК 2016 оны татвар төлөлтөөрөө тэргүүлсэн шилдэг 10 компаний 6-р байранд эрэмбэлэгдэж, "ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуй нэгжээр шалгарлаа.

"ТАВАНТОЛГОЙ” ХК-ийг татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ нэр төртэй биелүүлэн улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэн ийнхүү шилдгээр тодруулжээ.

Тус компанийГүйцэтгэх захирал Р.Сэддорж хэлэхдээ "Тавантолгой ХК татварын хууль, улс орны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн, төсвийн орлого бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж шилдэг 10 татвар төлөгчийн зургаад шалгарлаа. Энэ бол уурхайчид бидний бүтэн жилийн нөр их хөдөлмөр, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй манай хамт олны цаашдын амжилтад урам зориг өгөх, ололт амжилтыг маань үнэлэсэн дээд шагнал " хэмээн онцолсон юм.

"Тавантолгой" ХК  Монгол улсын шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

Улсын хэмжээнд татвар төлөлтөөрөө тэргүүлсэн шилдэг 10 компанийг танилцуулъя.

  1. Оюутолгой ХХК
  2. Эрдэнэт үйлдвэр ХХК
  3. Монголын алт МАК ХХК
  4. Цайрт минерал ХХК
  5. Мобиком ХХК
  6. Тавантолгой ХК
  7. Тийсс Монгол ХХК
  8. Юнител ХХК
  9. Дулааны 4-р цахилгаан станц ТӨХК
  10. Говь ХК

Орон нутгийн өмчит Таван Толгойн уурхайн хувьд 1934 оноос гар аргаар нүүрс олборлож, тэмээн хөсгөөр тээвэрлэж эхэлсэн түүхтэй. 1966 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 124 дүгээр тогтоолоор орд газрыг улсын өмч болгож, үйлдвэрийн аргаар ашиглах болсон ба 1967 оны тавдугаар сарын 01-нээс бие даасан уурхай болж байгуулагджээ. Харин Монгол Улсын Засгийн газрын өмч хувьчлалын 1994 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 42 тоот тогтоолоор хувьцаат компани болгон өөрчилж, 1995 онд орон нутагт шилжүүлэн ашиглах болсон юм. Үүнээс хойш уурхайн олборлолтын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж өнөөдрийн өндөрлөгт хүрсэн түүхтэй.

"Тавантолгой” ХК-ийн хувьд өнгөрсөн жилүүдэд улс, орон нутгийн төсөвт Монгол Улсын Татварын хууль тогтоомжийн дагуу татварын орлогоо бүрдүүлж, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хариуцлагтай биелүүлсээр иржээ. Тэрбээр 2016 оны шилдэг татвар төлөгчөөр нэрлэгдсэн нь тус компанийн ололт амжилттай салшгүй холбоотой юм.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!