"АЖНАЙ"-Н Д.БАТ-ЭРДЭНИЙН УГШЛАА ХАДГАЛСАН “УЛС ХАЛЗАН”

🕔 2017/05/24 15:43   

Дархан түмний эх " Улс халзан " нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Ө.Шинэтулгын адуунаас гаралтай, "Ажнай” Д.Бат-Эрдэнийнх гэдгийг улс даяараа мэднэ. 
Төрийн их баяр наадамд сүүлийн гурван жил дараалан түрүүлснээрээ хорь дугаар зуунд гараагүй амжилтыг үзүүлж байгаа "УЛС ХАЛЗАН” азарганы угшил удмыг мэдчих юмсан гэх уяач , судлаачид цөөнгүй. "Адууны угшлыг худал хэлбэл их том нүгэл” гэдгийг сонсоогүй уяач байдаггүй ч итгэж дагах нь цөөрсөөр. Манай адуу, унаган адуу гэх нэр алдар, магтаал горилогчдын уггүй яриа дэлгэрсээр газар авах шинжтэй. Удамгүй адуу хурдалдаггүй гэдэг нь хууль. Тиймээс хурдан адуугаа хол, ойрын удам угшлаар ярих нь жинхэнэ монгол соёл юм
"Улс Халзан”-г нутгийн уяачид Галшар, Босоо цавьдар, Баадуу адууны угшилтай гэж ярьцгаадаг нь угтаа аль аль нь үнэн юм. 
1937 оны баривчилгаа, хураагуулаас өмнө Уулбаяны баян Совд, хув Дагва нар Галшарын Дагмид мээрэнгээс "цоохор хонгор”-ыг үрээн азарга аваад баригдаад явахдаа нутагтаа үлдээсэн байдаг. Цоохор хонгорын угшил тэр нутагт болон ойролцоох тойрсон сумдад их тарж хурдалсны нэг нь Мөнххааны Рэгзэнгийн халзан азарга гэдгийг нутгийнхан андахгүй. Рэгзэнгийн халзангийн угшил Мөнххааны Наваанчүлтэмийн халзан азарга 1972 оны үед хаврын уралдаанд хол түрүүлж байсан гэдэг. Наваанчүлтэмийн халзангийн угшил гүүнээс "Улс халзан” гарсан байна. "Улс халзан” Галшар удамтай гэдгийн нэг баримт энэ ажээ. 
Сүхбаатар аймгаас тодроод байгаа сүүлийн үеийн хурдууд Бүрэнцогтын уурхайн уяач "баадуу” Доржийн адууны угшилтай заавал холбогдоод байдаг юм. Уяач Ц.Доржийн их хүрэн азарга, их алаг азарга, байны хүрэн гэх гурван азарганы үр төл 60 гаруй азарга гарч эдгээрийн эр охин төл, дараах удам угшил гээд нэрлэж тоолох боломжгүй болжээ. Энэ удмын адууг "Баадуу” адуу гэдэг. 
Уяач "баадуу” Дорж 1969 онд Мөнххаан суманд хоёр соёолонтой очиж, жартгай зээрд нь түрүүлж, хар соёолон нь аман хүзүүдэн дараагаараа оржээ. Сумаас түрүү соёолон Жартгай зээрдийг даагаар байлахад адуучин шар Дорж нэгдэл адуунаас гурван хүрэн даага зааж аль нэгийг нь ав гэхэд Ц.Дорж "дэлдэн чихтэй хүрэн даагыг ” шинжиж авчээ. Адуучин шар Дорж сүүлд нь "байны дааганд дэлдэнгүүдийн хүрэнгээс "баадуу” авчихлаа” гэж байсан гэдэг. 
Угтаа энэ хүрэн дааганы дээд удам нь Мөнххааны бухын Лувсанжамц гэж улсад 1943 онд хоёр түрүү, хоёр аман хүзүү авч байсан уяачийн "дэлдэн” нэртэй хүрэн адууны удам гэнэ. Баадуу Доржийн "байны” хүрэн даага ч "дэлдэн” хүрэн нэртэй болсон нь удмаа дагасан шинжийг илэрхийлсэн хэрэг. 
Уяач Ц.Дорж "дэлдэн хүрнийг” Мөнххаан суманд хязааланд нь айрагдуулж, соёолон түрүүлгэн азарга тавьжээ. Гэтэл Бүрэнцогтын уурхайн П.Гансүх авч нилээд хэдэн жил уясан боловч уяачийн эрдэм дутаж гэм суулган олигтой хурдлуулж чадаагүй байна. Сүүлдээ Гансүхийн хүрэн ч гэж зарим нь нэрлэдэг болсон. Бүрэнцогтын уурхай татан буугдаж П.Гансүх явахдаа нас ахисан өвгөн азаргаа "баадуу” Доржид буцааж өгөөд явжээ. "Дэлдэн хүрэн”-ий төлүүд 6 гүүнээс 18 азарга гарсан байна. Эдгээрээс Өлзийтийн Падын Лүндэгийн "босоо цавьдар”-ын төл хонгор гүүнээс дэлдэн хүрний төл Сүхбаатарын Талбулагийн уурхайн "гэзэгт” Гомбын хул азарга гарчээ. Адууг азаргаар нь овоглодог ёсоор дээрхи адууг "Баадуугийн дэлдэн хүрний ” угшилтай гэж хэлэхээс аргагүй юм. Эхийн нь удмыг татаж "Босоо цавьдар” угшилтай гэх ба "босоо” цавьдрын дээд удмыг татаад Галшар адуу ч гэж хэлж болно. Ингэхээр Галшар угшил хоёр удаа орсон байгаа юм. 
Гэзэгт Гомбо хул азарганыхаа төл хонгор үрээг Ө.Шинэтулгын авга ах Бужранхайд бэлгэнд өгсөн нь яваандаа Шинэтулгын азарга болоод гарсан төл нь "Улс халзан” ажээ. Иймээс "Улс халзан” азарганы эцэг тал нь "Баадуугийн дэлдэн хүрэн” тул "Баадуу адуу”-ны угшилтай гэдгийн учир энэ юм. Цаашилбал урьд өмнө Алтан-Овоонд түрүүлсэн Будын халзан азарга, улсад түрүүлсэн Дарамренчингийн алаг азарга, Г.Батхүүгийн "Бал” алаг соёолон, Баасанбазарын Сувдан зээрд гээд "Баадуу” угшлын гарамгай хурдуудыг тоолж барахгүй олон бий. Зөвхөн "баадуу” Доржийн байны хүрэн буюу Дэлдэн хүрний төл дараах 18 азарга гарчээ. 
1. Ц.Доржийн өндөр зээрд азарга 2 аман хүзүү Бүрэнцогт
2. Доржийн Сайнбаярын хар хүрэн азарга 4 айраг Бүрэнцогт
3. Ш.Пүрэвжавын хул азарга 3 түрүү 3 аман хүзүү Мөнххаан сум
4. Очирхуягийн хул азарга 6 айраг Бор-өндөр 
5. Морин толгой Дугарсүрэнгийн /гэзэгт Гомбо/ хул азарга Тал булаг 
6. Н.Пүрвээ хүрэн азарга 1 айрагдсан Мөнххаан сум. 
7. Баясаа хув шарга азарга 3 айрагдсан Бүрэнцогт уурхай 
8. Цогоогийн бор азарга Бүрэнцогт уурхай 
9. Сандаажав хув бор азарга Түвшинширээ 
10. Ёндонжамцын хүрэн азарга 1 айраг Бор өндөр
11. Эрдэнэсүхийн хүрэн азарга 1 түрүү Бор өндөр
12. Б.Батсүхийн хүрэн азарга 2 түрүү 3 айраг Бүрэнцогт 
13. Норовсамбуу хүрэн азарга 1 түрүү Түвшинширээ
14. Д.Очирбатын хүрэн азарга Мөнххаан сум
15. Зандарын хүрэн азарга Уулбаян
16. Готовын хүрэн азарга Бор-Өндөр
17. Батжаргалын хүрэн азарга Бор-Өндөр
18. Энхбаатарын хүрэн азарга Бор-Өндөр 
Эдгээр азаргануудын эзэд, үр хүүхдүүд удам угшлыг нь мэддэгээс бусдад түгээдэг, хадгалдаг, уяж хурдлуулдаг нь эргэлзээгүй. Их уяач "баадуу” хэмээх Ц.Доржийн хүү аймгийн Алдарт уяач Д.Сайнбаяр уяач аавынхаа өв эрдмийг залгамжлан, төрсөн нутаг Бүрэнцогтын уурхайн хойд талын Богд ууландаа удамт цөм сүргээ өсгөн үржүүлж, уяж хурдлуулсаар авай.

Намсрайцэрэнгийн Санжаадорж

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!