Гашуунсухайтын очер 90 км-т хүрчээ

🕔 2017/06/01 16:22   

Гашуунсухайтын боомтод түгжрэл, зогсолт  үргэлжилсээр... 

 

Хэдхэн хоногийн өмнө Гашуунсухайт хүрэх машины очер 30-40 км хүрч байсан бол  эдүгээ  нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 90 км дараалал үүсээд байна.  

 

 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хятадад айлчлахдаа Гашуун сухайтын   боомтын ажиллах цагийн хуваарь өөрчлөлт оруулж, 10 цагийг  16 цагийн ажиллагаатай болгон шийдвэрлэлээ гэсэн. Гэвч үүний  хэрэгжилт бодит байдал дээр мэдрэгдээгүй, нөхцөл байдал улам хүндэрсээр байна.

 

Өмнө нь ч Зам тээврийн яамнаас хэдхэн сарын өмнө Гашуунсухайт хүрэх замд түгжрэл үүсэхээ больсон гэх мэдээг дуулгаж байсан.  Гэвч мөн л  ажил хэрэг болоогүй. Нүүрс тээвэрлэгч компаниуд том толгойлж, тээвэрлэгчид нь шороон замаар сүлжилдэн давхилдсаар.

 

 

Түүнчлэн Шадар сайд У.Хүрэлсүх Өмнөговь аймагт ажиллахдаа шороон замаар нүүрс тээвэрлэхийг хориглосон. Үүний дараа говийн бүсэд нүүрс тээврийг зөвхөн хатуу хучилттай авто замаар гүйцэтгэж байх тухай Зам, тээврийн сайдын тушаал 2015 оны 3-р сард гарсан байдаг. Сайд дарга нарын үүрэг чиглэл хэрэгжиж, нэг хэсэгтээ Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх нүүрс тээвэр зөвхөн хатуу хучилттай авто замаар хийгдэж байв. Харин одоо нүүрс тээвэрлэлт эргээд зах замбараагүй байдалдаа хүрчээ.

 

Нүүрс тээвэрлэгч зарим компаниуд үндсэн замын хажуугаар хэдэн арван салаа шороон зам үүсгэж, дур зоргоороо аашилж байгаа аж.  Энэ нь говийн байгаль орчныг доройтуулаад зогсохгүй иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахыг мэргэжлийн байгууллагууд тогтоосон. Тээвэрлэгчид ойролцоогоор 10 гаруй км газарт дур мэдэн шороон зам үүсгэсэн байна. Дур мэдэн үүсгэсэн олон салаа шороон замаасаа Цагаан хад, Гашуунсухайтын боомтын орчмын үндсэн зам руу нийлэхдээ эмх замбараагүйгээр дайрч, түгжрэл үүсгээд зогсохгүй осол аваар ч гаргаж байна.

 

90 км хүртэлх урт дараалалд жолооч нар хэд хонох нь тодорхой. Наад зах нь 7 хоногийн хүлээлт тэдэнд байгаа.  Үүнтэй зэрэгцээд хийх ажилгүй хүлээж залхсан хүмүүс цаг нөгцөөхийн тулд  архидан согтуурч, улмаар хууль бус үзэгдлүүд тэнд "цэцэглэж”, нийгмийн хэв журам алдагдаж байна.  Хэдхэн сарын нүүрс тээвэрлэгч жолооч нар архидан согтуурсны улмаас  амиа алдсан гашуун сургамж давтагдах уу. 

Урт дарааллыг дагасан архидалт, тэднийг өөгшүүлсэн худалдаа наймаа гээд зүй бус үзэгдлүүд байгалийг бохирдуулаад зогсохгүй эрдэнэт хүний амь, эрүүл мэндэд ч халгаатай.

 

Төр, засаг үүсээд байгаа нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, ажил хэрэг болгох цаг хэзээ вэ. Эсвээс тэнд эмх замбараагүй байдал нүүрлэсээр байх уу. 

 

Тавантолгойн чиглэлд төмөр зам барих яриа хэлэлцээ үргэлжлээд 10 гаруй жилийн нүүр үзэж байна. Цаасан дээр буусан "төмөр зам" хөрсөн дээр баригдаагүй. Хэрвээ төмөр замаа барьж, ашиглалтад оруулсан бол иргэдийн ийн эрүүл мэндээрээ хохирон, байгалиа сүйтгэн байж, хэдэн бор цаасны хойноос улайран хууль бус үйлдэл ч гарахгүй байлаа.   

 

Төр, засаг гаргасан шийдвэрээ амьдралд хэрэгжүүлж, иргэдээ ч, байгалиа ч хамгаалмаар байна. 

Б.Болд

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!