Засгийн газрын шийдвэрийг өмнөговьчүүд эсэргүүцлээ

🕔 2017/08/18 15:39   

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Цагаан хадны гаалийн хяналтын үйл ажиллагааг бүрмөсөн зогсоох шийдвэрийг гаргасан. Богино рейсийн тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслүүд хөдөлгөөний эрчимд саад болох, хил, гаалиар хориотой бараа тээвэрлэх боломж бүрдэж байгаа учраас  Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны гаалийн хяналтын талбайн үйл  зогсоохоор болсон юм.

 

Засгийн газрын энэ шийдвэрийг Өмнөговь аймгийн иргэд, нүүрс тээвэрлэгч жолооч нар, Цагаан хаданд ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гаалийн хяналтын ажилчид зэрэг маш олон хүн эсэргүүцэж байгаа гэдгийг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар мэдэгдлээ.

 

Тэрбээр "Гашуунсухайтын боомт 1992 онд нээгдсэнээс хойш Цагаан хад суурин бий болж, 2005 оноос гаалийн хяналтын талбай ажиллаж эхэлсэн. 10 гаруй мянган хүний ажил, амьдрал Цагаан хадтай холбоотой.

 

Аливаа улс орон боомт хотоо хөгжүүлж, үйл ажиллагааг нь сайжруулдаг. Орон нутгийн зүгээс тэрбум гаруй төгрөгийн төсөв гаргаж, Цагаан хадны сууринг тохижуулах, Ханбогд сумын Хайрхан багийг шинээр бий болгож, эмнэлэг, цагдааг байгуулах олон ажлыг хийж байгаа. Мөн Сангийн сайдтай уулзаж, Цагаан хадны сууринг тохижуулах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгах талаар ярилцаж байсан. Гэтэл өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хаах шийдвэр гаргасанд Өмнөговийн ард иргэд, аж ахуйн нэгжүүд дургүйцлээ илэрхийлж байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Мөн тэрбээр Цагаан хадыг хаасанаар нүүрсний экспорт эрс багасна гэв.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!