Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч машинтайгаа осолдсон байжээ

🕔 2017/08/29 18:16   

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэдэг газар "Ланд круйзер-77” маркын тээврийн хэрэгсэл осолдсон тухай мэдээлэл нийгмийн сүлжээгээр цацагдсан.

 

Тодруулбал, нэгэн иргэн цахим хуудастаа замын хажуу руу унасан автомашины зургийг "Цагдаагийн алба хаагчид ийм л байна ш дээ. Архи, согтууруулах ундаа ачиж явсан” гэх тайлбартай нийтэлсэн байв. 

 

Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас албаны шалгалт хийхэд 2017 оны наймдугаар сарын 27-нд уг тээврийн хэрэгслийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн тасгийн хэсгийн байцаагч Э жолоодож явжээ. Тэрээр автомашиныг жолоодож яваад нүх рүү урд дугуйгаараа орж унасан байна.

 

Шалгалтын явцад тухайн алба хаагч нь Гашуун сухайт автозамын шалган нэвтрүүлэх постод албан үүргээ гүйцэтгээд буцах замдаа уг ослыг гаргасан нь тогтоогджээ. Улмаар ослын дараа драгер багажаар үлээлгэхэд согтолтын зэрэг гараагүй, ослын улмаас гэмтэл, бэртэл аваагүй, тээврийн хэрэгсэлд ноцтой гэмтэл учраагүй байсан аж.

 

Ослын үеэр тээврийн хэрэгслээс гарсан гэх архи, тамхийг 2017 оны наймдугаар сарын 26-ны шөнө албан үүрэг гүйцэтгэж байхдаа Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат иргэн А-аас Зөрчлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэг болон уг хуулийн 6.5 дугаар зүйлд заасныг үндэслэн түр хураан авах тэмдэглэл үйлдэн авсан нь тогтоогджээ.

 

Албаны шалгалтын хүрээнд уг мэдээллийг анх фэйсбүүк хуудаст нийтэлсэн иргэн Н-аас тайлбар авахад "Тухайн үед би хувийн ажлаар Гашуунсухайтад явж байсан. Цагдаагийн машин унасан байхыг хараад өөрийн фэйсбүүк хуудастаа "Цагаан хадны цагдаа нар ийм л байна ш дээ” гэж хаяглан пост руулсан. Унасан машины жолооч нь зүгээр гарч ирсэн, архи дарс уусан зүйл ажиглагдаагүй. Тээврийн хэрэгслийн араас архи, тамхи унасан байхыг хараад ийм тайлбар бичиж нийтэлсэн. Би зургийг нь машин дотроос авсан юм. Мэдээллийг сайн нягтлалгүйгээр олон нийтийн сүлжээнд тавьсан” гэж мэдүүлжээ.

 

Албаны шалгалтаар дээрх нөхцөлүүд тогтоогдсон бөгөөд уг асуудлыг үргэлжүүлэн шалгаж байгаа аж.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!