БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТСЭЭС “ДУН ЮАНЬ" ХХК-НД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ

🕔 2018/02/02 15:57   

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Дун Юань" ХХК-нд эрүүгийн хэрэг үүсгэжээ.


Нутгийн ард иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжаар Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалыг газар, Гадаадын иргэн харьяатын газрын өмнөд бүс дэх газар, Хилийн цэрэг, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг хамруулсан ажлын хэсэг гаргаж "Дун юань” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Хар толгойн уурхайн үйл ажиллагаанд өнгөрсөн оны сүүлээр хяналт шалгалт хийсэн ажээ. 

Тус хяналт шалгалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч "Дун юань” ХХК нь Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай, Усны тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд болон холбогдох бусад дүрэм, журам, стандартыг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон байна.

Ажлын хэсгийн саналаар дээрх хууль зөрчсөн асуудлыг үндэслэн шалгалтыг үргэлжлүүлэн хийлгэхээр харъяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлж Улсын мөрдөн байцаах газрын Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ. 

Одоогоор "Дун юань” ХХК-нд холбогдох хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа олон нийтэд мэдээлэх боломжтой болох юм байна.

Д.Мишигсүрэн

http://montsame.mn/read/79203

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!