Өмнөговь аймгаас төрсөн алдартнууд

🕔 2016/12/27 15:55   

Өмнөговь аймгаас төрсөн алдартнууд

ТҮВДЭНГИЙН БОР 
Т.Бор Түшээт хан аймгийн Түшээт гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт Дархар нүдэн гэдэг газар малчны гэр бүлд 1913 онд төржээ.  1932 оны хавар хувьсгалын эсэргүү Ганжирваа хувилгаан (Одоогийн Баян-Овоо сумын төвлөрч байгаа Долоо шар загийн хөндийн том лам) түүний хамсаатан Дэл хөнжлийн нутгийн Дэлэгсамба, тэдний гар хөл бологсдын үг ятгалганд сохороор итгэн уугуул нутаг усаа орхин харийн нутгийг зорин нүүхээр зэхсэн, хөдөлсөн ардуудад төр засгийн бодлогыг танилцуулан тэднийг буцаахаар Т.Бор хэсэг нөхдийн хамт ухуулга хийж яваад Их Шанхайн зүүн хойд арын Гүнзаараг гэдэг газар эсэргүү нарын отоонд орж хүчинд автан баригджээ. Т.Борыг нөхдийн хамт "Тугийн цохио” хэмээх нэг талаасаа налуу, нөгөө тал нь 4 м өндөр цавчим цохион дээр аваачин буудаж нисгэн дээрээс нь том хад, чулуу нураан хороожээ. Ийнхүү Түвдэнгийн Борыг БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1971 онд "Улсын баатар” цолоор нэхэн шагнасан юм. Мөн Цогтцэций сумын дунд сургуулийг Т.Борын нэрэмжит болгож сургуулийн урд зоригт эмэгтэйн хөшөөг босгож Т.Борын амьдрал тэмцлийг харуулсан музей байгуулсан байна. Даланзадгадад 1932 оны эсэргүү нарын хэрэг явдлын улмаас амь үрэгдэгсдийн дурсгалд зориулж босгосон өндөрлөгт Т.Борын дүрийг товойлгон нэрийг сийлж алдаршуулсан юм.

 ДАМИРАНГИЙН НАНЗАД
Түшээт хан аймгийн Эетэй бээлийн хошуу одоогийн Манлай сумын нутагт 1891 онд ядуу ард Дамирангийн 7 дугаар хүү болон мэндэлжээ. Тэрээр 1910 онд цэргийн албанд дайчлагдан тэнд өөрийн авхаалжаар бичиг үсэг сурч цэргийн байлдах чадварыг эзэмшиж үлэмж авъяастай болохоо харуулсан ажээ. 1921 онд Буут, Хөх хот, 1913 онд Шанаган, Шиндий, Батхаалганы чиглэлээр удаа дараа байлдаж, урвагч жанжин Мууранг 70 цэргийн  хамт баривчилж, 1914 онд Шинэ булаг, Улаан дов, Сулинхээрийн чиглэлд байлдаж ялалт байгуулжээ. Ийнхүү Д.Нанзад эх орныхоо хил хязгаарыг харийн дайснаас хамгаалах хэрэгт баатарлагаар байлдаж тэмцэлдэж ялалт байгуулсан учир Богдын засгийн газраас "Баатар”, "Баатар тэргүүн” цолоор удаа дараа шагнагдаж байжээ. Д.Нанзад түүнээс хойш Улаанбаатарт цэргийн албанд сууж байгаад 1923 оноос Зүүн хязгаарын Гурванбаян, Ховд дахь цэргийн хороонуудад даргаар томилогдон ажиллаж байснаа өвчний учир уг албанаас чөлөөлөгдөн, Улаанбаатарт ирж Цэргийн яам, Цагдан сэргийлэх байгууллагуудад ажиллаж байгаад 1931 оны өвөл 40 насандаа насан өөд болжээ. Ардын баатар, партизан Д.Нанзадын түүхэн гавьяаг өндрөөр үнэлж түүний дурсгалын хөшөөг 1966 онд мэндэлсний нь 75 жилийн ойгоор төрсөн нутаг Манлай сумын төвд босгохоор МАХН-ын Төв хороо 1965 онд тогтоол гаргажээ. 

ПАРТИЗАН МЯТАВЫН ЯРИН
М. Ярин Түшээт хан аймаг засаг Содномдоржийн хошуу, одоогийн Манлай сумын нутаг Цагаан хад гэдэг газар 1884 онд төржээ. 1911 онд Хужирбулангийн цэрэгт орж таван сар болсны дараа зүүн өмнө хязгаарт байлдаанд мордож хятадын хар цэрэгтэй байлджээ. Үүнд: Уур чулуу, Шилийн гол, Шуурга, Хөөрөг, Дархан уул, Тэнгэр элс, Долнуур зэрэг газруудаар олон удаа байлдаанд оржээ. Ярин Бароны цэргийн дотор байхдаа Ерөө голд Сүхбаатараас нууц даалгавар авч монголчуудыг цагаантнаас салгах ажлаа идэвхитэй болгож Сүхбаатарт Бароны цэргийн байдыг тодорхой мэдээлж байсан алдар хүндтэй хүн байлаа. Тэрээр 1965 онд тэнгэрт хальжээ.

 ДАВААСҮРЭНГИЙН ЖИЖЭЭ
Манай аймгийн Хөдөлмөрийн ууган баатар Д.Жижээ 1922 онд Мандал-Овоо сумын нутаг Хоромсого гэдэг газар ядуу ард Даваасүрэнгийн 4 дүгээр охин болон төрж бага наснаасаа эхлэн тэмээ маллажээ. 1957 онд тэр үеийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдэлд элсэн орж тасралтгүй 30 шахам жил тэмээн сүргээ адгуулан маллаж, мал сүргээ өсгөх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх талаар гарамгай амжилт гаргаж улс, аймаг, сумын аварга малчнаар удаа дараалан тэргүүлж амжилт үзүүлж байлаа. Түүний тэмээн сүргийн арчилгаа маллагаа, ботго бойжуулах, ашиг шимийг нь авч ашиглах талаар гаргасан хөдөлмөр бүтээлийн их амжилтыг өндрөөр үнэлж 1962 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол олгож Сүхбаатарын одон, Алтан соёмбо медалиар шагнасан нь аймаг сумандаа анхных байлаа. 

УЛСЫН АВАРГА МАЛЧИД:
Улсын бэлтгэлийн малыг олон жил алдаа эндэгдэлгүй тууварлахдаа дээд зэргийн тарга хүч авахуулж, гэрээт даалгавраас их хэмжээний мах илүү тушаасан тууварч малчинд "Улсын аварга тууварч малчин”, урьдын амжилтаа ахиулж бататгасанд "Улсын хошой аварга тууварч малчин” алдар цол, диплом, энгэрийн тэмдэг, хүндэтгэлийн тууз, мөнгөн шагнал олгож байлаа. Суурийн ахлагчид нь дээрх шагналыг олгохын хамт туслах зарим малчинд "Улсын туслах аварга малчин” алдар цол, энгэрийн тэмдэг, диплом, мөнгөн шагнал өгч байв. Тус аймгаас 68 малчин, мал аж ахуйн 2 мэргэжилтэн, 1 тууварч малчин, гахайчин, ногоочин, хадланч тус бүр 1 улсын аварга болсны гадна 3 хүн улсын хошой аварга малчин, тууварч малчин цол шагнагджээ. 

Тэдгээрийг сумаар нь авч үзвэл: Баян-Овоо сум Ш.Аюурзана 1962 онд, С.Мижиддорж 1981 онд, Баяндалай сум А.Түвдэнлувсан 1966 онд (аварга мэргэжилтэн), Х.Доржсүрэн 1967 онд (аварга мэргэжилтэн), Н.Жамцдорж 1970 онд, Булган сум С.Адъяа 1966 онд, Ж.Дондив 1978 онд, Г.Бадамсүрэн 1974 онд, С.Цэдэн-Иш 1989 онд, Д.Баатар 1990 онд, Б.Цэдэвсүрэн 1991 онд, Гурвантэс сум Ц.Чимэд 1962 онд, Ж.Дондив 1978 онд (тууварчин), Р.Нэргүй 1979 онд (ногоочин), С.Сугир 1981 онд (гахайчин), Ханхонгор сум Ж.Бага 1963 онд, Г.Өлзий 1968 онд, Э.Цэрэнжав 1972 онд, Г.Чимэддорж 1989 онд, Ц.Шоовдор 1989 онд, Сэврэй сум Б.Нацаг 1966 онд, Д.Чулуун 1967 онд (зоотехникч), Х.Шархүү 1967 онд, А.Бадамцэдэн 1967 онд, Ц.Маавар 1968 онд, Л.Намжилдорж , Манлай сум Д.Дорж 1962 онд, Х.Лавсандорж 1965 онд, Б.Совд 1967 онд, Ц.Банди 1971, 1975 онд (хошой аварга), У.Агваандорж 1972 онд, Г.Ламхүү 1978 онд, Д.Лувсан-Иш 1985, 1988 онд (хошой аварга), Д.Хүүхэндүү 1986 онд, Ш.Пүрэв 1989 онд, Д.Бямбажав 1989 онд, А.Амарсанаа 1989 онд, Л.Батмөнх 1991 онд, Д.Баасанжав 1992 онд, Мандал-Овоо сум Д.Хамар 1987 онд, Ө.Лхагваа 1990 онд, Ц.Батсүрэн 1990 онд, Ноён сум Т.Бантгар 1963 онд, Х.Дашжамц 1983 онд (хадланч), Ш.Бадамцэрэн 1988 онд, Цогт-Овоо сум Ц.Балхүү 1965 онд, М.Балдорж 1977 онд, Ц.Шар 1985 онд, Т.Туулайхүү 1987 онд, Ч.Бямбаа 1988 онд, Т.Шар 1988 онд, Д.Банзрагч 1989 онд, Цогтцэций сум О.Гимбэл 1975 онд, Р.Даваахүү 1985 онд, Ханбогд сум У.Чулуунхүү 1989 онд, С.Төмөр 1965 онд, Д.Тангад 1969 онд, Ж.Жамбал 1969 онд, М.Пүрэв 1988 онд, Хүрмэн сум Г.Батчулуун 1963 онд, Л.Түмэн-Өлзий 1967 онд.

Мөн улсын залуу аварга малчин цолыг 1975 оноос олгож 19 залуу хүртсэн юм. Үүнд: Булган сум Ё.Бадамсүрэн 1979 онд, Н.Нарантуяа 1979 онд, Гурвантэс сум О.Цогзолмаа 1982 онд, Номгон сум Б.Энхжаргал 1987 онд, А.Батжаргал 1988 онд, Ш.Аюурзана 1989 онд, А.Эрдэнэчулуун 1989 онд, Ц.Цэрмаа 1989 онд, Хүрмэн сум Д.Энхтуяа 1976 онд, Ханбогд сум Ц.Нэргүй 1976 онд, Х.Бадамцэцэг 1978 онд, Т.Дашням 1977 онд, С.Түмэндэлгэр 1989 онд, Сэврэй сум Ж.Отгонсүрэн 1980 онд, М.Саран 1989 онд, Цогтцэций сум С.Дүүхүүхэн 1976 онд, Х.Цэцэгдэлгэр 1986 онд тус тус болжээ. 
  
ЮНДЭНГИЙН СОСОРБУРАМ
Өмнөговь аймгийн Ноён сумын Бэлийн толгой гэдэг газар 1931 онд Юндэнгийн 7-р хүү болж төрсөн. 1941 онд Ноён сумын бага сургуулийг төгсч аймгийн дунд сургуульд орж суралцан жүжигчин болох гараагаа эхэлсэн. Ю.Сосорбурам оройн сургуулиар 10 дугаар анги төгсөж 1967 онд гадаадад суралцах уралдаант шалгалтанд тэнцэж БАССФ-н Улаан үүд хотын Дорно дахины соёл урлагийн дээд сургуульд суралцаж, Соёлын ажилтан, найруулагч мэргэжлээр төгсч соёлын ордондоо ирж ажиллав. Сосорбурам авъяаслаг зохион байгуулагч, найруулагч, сайн бүжигчин, бүжгийн багш байсны зэрэгцээ дуучин, зураач зэрэг соёл урлагийн бүхий л төрөлд өв тэгш мэргэшсэн хүн байв. Сосорбурам улсын чанартай олон удаагийн урлагийн наадамд шалгаран тэргүүн байр эзэлж байсны дээр 220 гаруй уран бүтээл хийсэн хүн юм. Хамт олондоо зарчимч өндөр шаардлага тавьдгийн дээр маш нөхөрсөг тусч хүн байв. Сосорбурамын ажлын амжилт бүтээлийг төр засаг өндөр үнэлж, Соёлын Гавъяат зүтгэлтэн цол шагнав. 


ЧАНЦАЛЫН ДҮНДГЭЭ
1935 онд Цогтцэций сумын нутагт төрсөн. 1950 оноос аймгийн клубт жүжигчин, 1956 оноос соёлын ордны найрал дууны ангийн багшаар ажиллаж байсан. ДЗО-ны YI их наадамд, Москва хотод 1953 онд БНХАУ-д зочлон тоглосон. 1969 онд "Алтан говь” үлгэрийн танхим хамтлаг санаачлан байгуулж улмаар 1970 онд чуулга болж мандат авсан. Ч.Дүндгээ найрал дууны багш, дуучин хөгжимчин төдийгүй 40 гаруй шинэ уран бүтээлийг үзэгч сонсогч түмэндээ өргөн барьсан. 1983 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэж, Алтан гадас одонгоор шагнагдсан.

ШАРАВЫН АЮУШ
1946 онд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн. 1963 онд Цогтцэций сумын дунд сургууль, 1966 онд хөгжим бүжгийн дунд сургуулийн морин хуурч, нарийн бүрээчийн анги, 1970 онд ЗХУ-д соёл урлагийн дээд сургуулийн хөгжмийн удирдаачийн анги төгссөн. 1970-1987 онд Говь-Алтай аймгийн АДБЧ-ын "Алтай” чуулгын багш удирдаач, уран сайхны удирдагч, 1987 оноос Өмнөговийн Хөгжимт жүжгийн театрт удирдаач даргаар ажиллаж байв. ЗХУ, Герман, Чехословак, Польш, Болгар зэрэг оронд уран бүтээлийн тоглолтоо хийж байв. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон зэрэг бусад медалиудаар шагнагдаж байв. 1991 онд урлагийн гавьяат цол хүртсэн.

ЦЭЕНГИЙН ЦЭРЭНДОРЖ
Ц.Цэрэндорж нь 1940 онд Баян-Овоо сумын нутагт төржээ. Бага дунд сургууль төгсөн, 1975-1980 онд Монгол Улсын Их сургуулийг дүүргэжээ. Ц.Цэрэндорж 1956 оноос Барилгачнаас их ажлынхаа гарааг эхэлсэн байна. Тэрээр 1960 онд аймгийн соёлын ордны дагалдан жүжигчнээр ажиллажээ. Ажиллах хугацаандаа Соёлын ордны дэргэд "Алтан говь” язгуур урлагийн чуулга, Улаанбаатар хотод "Ардын уянга”, "Хан хуур” чуулга, "Магтаалч ерөөлчдийн чуулга” зэргийг санаачлан байгуулж олон арван авъяаслаг шавьтай болсон байна. Төрийн хан хуурыг залах ёслолыг санаачилсан билээ. Ц.Цэрэндорж МЗЭХ-ы ардын үлгэрийн танхим, Монголын морин хуурын төв, Монголын урлагийн ажилтны холбооны хороо, Монголын ерөөлч магтаалч нарын төв зэрэг байгууллагад дарга ерөнхийлөгч, тэргүүн зэрэг албыг хашиж байлаа. Мөн аман зохиол судлалаар "Монгол магтаал” сэдвээр ЮНЕСКО-оос зохион явуулсан "Төв Азийн тууль” сэдэвт симпозиум, мөн олон улсын Монголч эрдэмтдийн их хуралд илтгэл тавьсан байна. Саяхан түүний компакт дискийг Герман улсад байдаг Баруун Европын ардын урлагийн академиас эрхлэн гаргасан юм. Ц.Цэрэндорж Монгол-Японы найрамдлын "Улаанбаатар-Мияаконоже” төвийн Улаанбаатарт байх Найрамдал хэлэлцээний соёлын асуудлыг хариуцдаг бөгөөд "Киришима” нийгэмлэгийг байгуулалцжээ. Нийслэлийн 360 жилийн ойгоор түүний санаачилсан "Нийслэлийн сүлдэт хуур”-ыг залсан билээ. Ц.Цэрэндоржийн бүтээл, амжилтыг үнэлж Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж, Монгол улсын өргөмжлөлт ерөөлч магтаалч цол олгожээ. Тэрээр эрдмийн их сургуулийн хүндэт доктор юм. 

НЯНДАГИЙН ЦЭВЭЭНРАВДАН
Өмнөговь аймгийн уугуул, театр, кино, хошин урлагийн нэрт жүжигчин, Няндагийн Цэвээнравдан нь Дорноговь аймгийн Иххэт сумын Улаан хороот хэмээх газар малчин ард Няндагийн хоёрдугаар хүү болон мэндэлжээ. 1958 онд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын бага сургуульд орж улмаар Даланзадгад хотын 10 жилийн сургуулийг 1968 онд төгсөж Улаанбаатар хотод ирж мах комбинатад нормчноор ажиллажээ. 1969 онд Ардын цэргийн албанд татагдаж, 1972 онд халагдан Улсын хүүхэлдэйн театрт дагалдан жүжигчнээр ажиллаж байгаад 1973 онд Ленинград хотын театр кино хөгжмийн дээд сургуульд элсэн суралцаж 1978 онд жүжигчний мэргэжлээр төгсөж ирээд Дундговь аймгийн соёлын ордонд найруулагч, Дэрэн суманд клубын эрхлэгчээр тус тус ажилласан байна. 1987 оноос "Тоншуул” сэтгүүлийн "Учиртай инээд” хамтлагт, 1991 оноос мөн ҮЖЭТ-д жүжигчнээр ажиллаж байв. Тэр "Говийн зэрэглээ”, "Ингэх гээд байсан юм”, "Би чамд хайртай”, "Найрын ширээний ууц” кинонуудад тоглосон дүрээрээ үзэгч олондоо танил болсноос гадна Улсын хүүхэлдэйн театр, Драмын улсын академик театрт жүжигчнээр ажиллаж олон сайхан дүр бүтээжээ. УБДС-ийн кино драмын ангид багшилж олон авъяаслаг залуу уран бүтээлчдийг төрүүлсэн гавъяатан билээ. Хүн чанарын хувьд өрөөлийг ялгалгүй хайрлаж хүндэтгэж чаддагийнхаа хирээр бусдад хайрлагдаж, хүндлүүлж чаддаг байлаа. Тэр бас жүжигчин төдийгүй шүлэг бичдэг, орчуулга хийдэг, кино зохиол бичсэн онцгой авъяастан байсныг үе тэнгийн найз нөхөд нь анддаггүй. Н.Цэвээнравдан тоглолт бүрдээ өөрийнхөөрөө байдаг хир нь ямар ч дүрийг гаргаж чаддаг, түүний тоглосон гол дүр төдийгүй туслах дүр нь ч тэр кино, жүжгийг өөд нь татаад аваад явчихдаг, түүний тоглолтыг хараад хүмүүс баярлаж, хөгжиж байдаг өвөрмөц жүжигчин байлаа. Тэр хар мөргүй хүн байсан. Өөрөө сэтгэл нь, хүн нь бүтээл нь цагаан хүн байсан. Тайз дэлгэцнээ бүтээсэн олон арван дүр нь мэргэжил нэгт, нутгийн зон олны дунд түүнийг үүрд мөнхрүүлсэн юм. 

 
news.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!