АХМАДУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

🕔 2017/01/26 12:11   

Өмнөговь аймгийн удирдлагууд иргэдийнхээ санал бодлыг сонсох, тэдэнтэй хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор өглөө 08:00 цагт "Өглөөний цай” уулзалтыг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаад ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзаж, тэдний туршлага санал бодлыг сонслоо. Төрийн албаны хүнд суртлыг арилгах, ёс зүйг дээшлүүлэх хэрэгтэйг нэн тэргүүнд анхааруулж байна. Түүнчлэн иргэдийн санал сонголтоор гарч ирсэн шат шатны удирдлагууд иргэд хөдөлмөрчидтэйгээ хамтарч ажиллах хэрэгтэйг санууллаа.

Мөн манай аймаг ахмадын 2 холбоотой, ахмадуудын бичсэн төсөл хөтөлбөрүүд дэмжигддэггүй танил тал, эсвэл төрийн албан хаагчид өөрсдөө авдаг, аймгийнхаа амралт сувилалд амрахад байнга багийн даргын тодорхойлолт нэхдэг, тэтгэвэр авахад хүндрэлтэй банкнаас 3000 төгрөгөөр тодорхойлолт авдаг, шинэ хороолол руу нийтийн тээвэр явдаггүй, албан байгууллагууд ахмадаа сонсдоггүй, аль ч түвшинд ахмад залуу үеийн залгамж халаа тасарсан зэрэг олон бэрхшээл асуудлыг тоочиж байсан юм. Мөн үүний зэрэгцээ ханиад зарим өвчлөлийг анагаах тэргүүн туршлага байна, түүнийг хэрэгжүүлэхэд сонгиныг их хэмжээгээр тариалах хэрэгтэйг онцлоод харилцан туршлага солилцож хамтран ажиллахыг ахмадууд анхааруулж байлаа.

Аймгийн удирдлагуудын зүгээс бүх саналыг тэмдэглэж авсан ямар ч байсан нэн тэргүүний асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ хэлээд ирэх жилд Өмнөговь аймгийн хэмжээнд хийгдэх зарим ажлуудыг танилцуулсан юм. Тухайлбал "Гудамж” төслийг хэрэгжүүлж орчныг тохижуулна, эрүүл мэнд рүү хандсан олон дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, зарим газарт авто зогсоол бий болгож хатуу хучилттай зам тавина, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өдрөөр асрах боломжийг бий болгоно, түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж үр дүнг үзнэ гэдгээ тэд онцоллоо.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!