Малчдыг ган зуд сүүдэр шиг дагаж явна

🕔 2019/01/02 12:00   
 

Малчдыг ган зуд сүүдэр шиг дагаж явна

 

Монгол улсын 2018 оны мал тооллогын урьдчилсан дүнг Үндэсний статисткийн хороо (ҮСХ) 66 сая 463 мянга 700 гэж танилцууллаа. Мал тоолж эхэлсэн өнгөрсөн зуун жилд  ийм тооны мал манай орны газар шороог тамгалж байгаагүй гэнэ. Гэхдээ 2017 оны 12 дугаар сард 66 сая 218 мянга 959 толгой малтай байжээ. Энэ жил мал улсын хэмжээнд   244 мянга 700-аар өслөө. Үүнийг малчид малаа таваарлаг болгож малын тоо, толгойноос илүүтэй чанарт анхаарах болсон, үүнийг Баянхонгор аймагт  хийсэн судалгаанаас харж болно гэж статистикчид хэлж байна. Ийм байж болно. Гэхдээ мал аж ахуй байгаль цаг агаараас хэт их хамааралтай байгаа гэдгийг мартаж болохгүй.
Тухайлбал Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл багийн малчин Д. Ганбатар мянга гаруй малтай. Тэднийх 2017 оны намар хуц, ухна тавиагүй гэнэ. Ийм шийдвэр гаргасан явдал тэднийх өвөл, хавар хүндэрч зуд болно. Ийм нөхцөлд хүн мал бүгд туйлдана гэж үзсэнтэй нь холбоотой  байсан байх жишээтэй. Тэднийх ийм шийдэлд хүрсэн нь цөөн тооны төл хүлээн авсан ч том малын хорогдолгүй онд  мэнд  оржээ. Энэ жишгээр малын орооны үеэр эцэг малыг нийлүүлэгт оруулаагүй айл улсын хэмжээнд олон гарсан бололтой. Мал өнгөрсөн жилээс ердөө  244 мянгаар өссөн нь нийт нутгаар зуншилаг таруу , өвөл зуд болсонтой холбон авч үзвэл бодит байдалд илүү нийцнэ. Түүнээс биш монгол мал таваарлаг болж байгаа нь юу л бол доо.
Монгол мал сүүлийн жилүүдэд жилд дунчаар  5-6   саяар өсч байсан  гэж ойлгож бас  болно. Түүнийг урьд жилүүдийн малын тооллогын дүнгээс хараарай.  Тухайлбал 2015 онд 55 сая 957 мянга 600 толгой малтай  байсан аж. Харин  2016 онд 61 сая 549 мянга 236 толгой малтай болсон байна.  Малын цэвэр өсөлт нь тэр жил  таван сая 924 мянга 436 тоо, толгойд хүрчээ. Гэтэл 2018 оны мал тооллогын урьдчилсан дүн гарахад, 2017 оныхоос ердөө 244 мянга 700-аар мал өслөө. Өнгөрсөн жил хорогдсон мал (2 сая216 мянга 47), хүлээн авсан төл (2017 оныхоос 2 саяар дутуу) нийлээд  дөрвөн  сая гаруй байж болохоор байна. Хэрэв ийм хэмжээний мал хорогдож  цөөн төл хүлээж аваагүй цаг сайхан байсан бол монгол мал урьдын адил өсөх (5 саяар)  магадлал өндөр байсан аж. Зуны ган, өвлийн зуд  мал бага (244мянга 700)-аар  өсөхөд хүчтэй нөлөө үзүүлж байгааг эндээс  харж болох байна. Энэ бол мал аж ахуй байгалиас хараат хэвээрээ байгааг харуулсан бодитой тоон баримт.
Нэг үгээр хэлбэл цаг сайхан бол мал өсдөг. Харин муу бол өсөлтгүй гардаг нүүдэлчдийн амьдралд өнөөдрийг хүртэл өөрчилт ороогүй байна. Мал тооллого 1918 оноос эхлжээ. Тэр үед монголын малын тоо 9 сая 600 мянга байсан гэнэ. Туулан өнгөрүүлсэн 100 жилийн хугацаанд  мал аж ахуй ардын аж ахуйтан, нэгдэл нийгмийн хөрөнгө, хувийн мал гэсэн статустай явж ирсэн байх юм.   
Малыг  тухай, тухайн үед ялтай болон ялгүй  гэж нэрэлж  байсан гэж ахмадууд ярьдаг. Ардын аж ахуйтан (1918-1959 он) малын хөлийн татвар, ашиг шимийн ногдол (махны,тосны сүүний, ноос, ноолуур, хөөвөр, хялгас) тоо хэмжээтэй ногдуулдаг заавал биелүүлэх үүрэгтэй. Биелүүлээгүй тохиолдолд ял эдлэх магадлалтай байсан гэнэ. Харин нэгдэлжих хөдөлгөөн ялсан (1959-1990 он)-ны дараа нэгдлийн мал дутаах, солих алхам хийвэл социалист өмч үрэгдүүлсэн гэдэг эрүүгийн хуулийн зүйл заалтаар яллагдах магадлал өндөр байсан гэнэ. Түүнээс гадана малын ашиг шимийг малчид нэгдэлд бүрэн тушааж байсан байна. Тийм учраас тухайн цаг үе дор хүмүүс малдаа ялтай гэсэн тодотгол зүүж байжээ.  Харин хувьчлагдсаны дараа  малчин малаа захиран зарцуулах эрхтэй болсон, ашиг шимийн ногдол, татварын дарамтгүй болсон  тул улмлалаа эргүүлэн авч буянт мал хэмээн нэрлэх болжээ.
Улсын хэмжээнд нэгдэлжих хөдөлгөөн ялсан 1959-1990 хүртлэх хугацаанд мал сүргийн тоо тогтмол 22-25 сая байжээ. Харин нэгдэл тарснаас хойш мал өсөх болсон байна. Монголчууд "эзний нүд эм” гэж ярьдаг Энэ бол эзнийхээ гар дээр байгаа мал өсдөг гэсэн санааг илэрхийлж байжээ. Тэр нь сүүлийн 30 орчим жил малын тоо толгой тогтмол өссөн үйл явдлаар батлагдаж байна. Гэхдээ малын өсөлтөд нөлөөлдөг зуны ган, өвлийн зуд малчдыг сүүдэр шиг дагаж явна. Монгол мал хэзээ таваарлаг ган, зуднаас хамааралгүй өсдөг болох вэ?  "Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэж өнгөрсөн жил зуд болж байсан бол энэ жил сайхан өвөл болж байна. Гэхдээ "хаврын тэнгэр хартай” гэдгийг малчид мардахгүй биз ээ.
 
Г. Эрдэнэбат
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!