М.Энхболд: 20 жилд болсон бүх муу муухайг нэг хүнд нааж, харлуулж болдгийг та бүхэн харууллаа

🕔 2019/01/29 16:07   

М.Энхболд: 20 жилд болсон бүх муу муухайг нэг хүнд нааж, харлуулж болдгийг та бүхэн харууллаа

-Надад ОГЦРОХ шалтгаан байгаагүй учраас өөрөө ӨРГӨДЛӨӨ өгөөгүй. Хуулийн дагуу өнөөдөр чөлөөлөгдөж байна.

Миний удирдаж байсан УИХ сүүлийн хоёр сарыг эс тооцвол сайн ажиллаж байсан гэж би бардам хэлнэ. Аль ч талаараа бид өмнөх парламентуудаас илүү байсан. Эдийн засгийн уналтад орсон хүнд үед та бид ажлаа эхэлж байсан.

-Иргэдийн амьдрах нөхцөл амаргүй байгаа учраас ярьж, шүүмжилж байгаа асуудлыг зөв зүйтэйгээр ойлгож байгаа. Харин би өнөөдөр жагсаал цуглааныг зохион байгуулсан залуустаа хандаж үг хэлмээр байна.

-20 жилд болсон бүх муу муухайг нэг хүнд нааж, харлуулж болдгийг та бүхэн харууллаа. Хэн нэгнийг алдаршуулж ард түмний хайртай хүү болгох хэн нэгнийг өнөөдрийн нийгэмд үүсээд байгаа бүх асуудлыг шийдвэрлэж байна гэж харуулахад намайг харлуулах хэрэгтэй байсан юм болов уу. Над руу хар будаг их цацсан. Би тэр их хар будгийг цагийн эрхэнд, нар салхины аясаар хагдран алга болно гэж найдаж байна. Миний хийсэн бүтээснийг ард түмэн ойлгох цаг ирнэ гэж бодож байна.

-Надад эцэг эхээс олгосон хүмүүжил, төрийн ажлаас олж авсан хатуужил бий. Харин эхнэр хүүхдүүдэд минь хандаж жагсаал хүртэл зохион байгуулсан явдал боллоо. Би тэр үед жагсаал зохион байгуулсан хүмүүсийн өмнөөс гэр бүлийнхнээсээ уучлал гуймаар болж байсан. Ямар хүмүүстэй нэг танхимд сууж байна даа гэж хүртэл бодогдож явлаа.

-Би МАНАН-гийн Засгийн газрыг буулгаж, МАНАН-гүй Засгийн газрыг байгуулж явсан намтар түүхтэй хүн.

-2016 оны УИХ-ын сонгуулийн дараа, 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үед ч яриад байгаа МАНАН нь байсан л байх. Тэр үед та МАНАН-гийн толгойлогч гэж надад хэн ч хэлж байгаагүй юм шүү. Хүмүүсийн үзэл бодол цагийн аясаар хувирч байна.

-Өнгөрсөн сонгуулийнхаа эрх мэдлийг булаацалдаж, талцаж хуваагдаж хэрэлдэх биш болох гэж байгаа сонгуулийнхаа амжилтыг бодож амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө эвлэж, нийлж, эвсэж ажиллаасай.

-Төр их бат, Ёс их хүнд байг-

М.Энхболд


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!