Мэндчилгээ

🕔 2019/02/05 00:19   


 

Элгэн садан монголчууд, нутгийн зон олон Та бүхэн минь өвлийг өнөтэй давж, тарган тавтай өвөлжиж байна уу!

 

Юуны түрүүн уламжлалт ёсоор Монгол эх орны минь дөрвөн зүг найман зовхист болон хилийн чанадад амьдарч, ажиллаж байгаа нийт Өмнөговьчууддаа хандан XVII жарны "Урвуулагч" хэмээх шарагчин гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний баярын цэнхэр хадгийг дэлгэн барьж, аз жаргал, сайн сайхны ерөөлийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.

Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилдаг, амьд бүхэн төлжиж, ургамал бүр дэлгэрдэг хаврын тэргүүн сарын шинийн нэгний энэ билэгт сайн өдөр Монголчууд маань энх мэндийг билэгдсэн өнө эртний заншлаар төрөл саднаараа хуран цугларч, настан буурлуудынхаа үнэт сургаалыг шимтэн тунгааж, насан багачууддаа хандан өсөж өндийхийн ерөөл хайрлаж, үдэж буй жилээ цэгнэж, ирэх цагийн дүн нурууг шинжин билэгшээж, буянтай үйл үйлдэхийг зорьж, нэг нэгэндээ билэг дэмбэрэлийг ерөөдөг заншилтай.

Улиран одож байгаа нохой жил улс орны амьдралд өөрийн гэсэн ул мөрийг үлдээж, мал сүрэг минь өсч, эдийн засгийн зарим нэг нааштай сайхан үр дүнгүүд гарч байна.

2018 онд эрх зүйн чиглэлээр болон тойрогтоо хийсэн ажлуудаас товч танилцуулъя.

Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллалаа. Мөн УИХ–ын даргын захирамжаар "Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах, Төвлөрлийг сааруулах хууль, эрх зүйн орчныг судалж, санал дүгнэлт гаргах, Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт / төсөл / ажлын хэсгийн гишүүнээр ажиллалаа. Мөн байнгын хорооны шийдвэрээр "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, МУ-ын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллалаа.

2018 онд аймаг руугаа гол анхаарлаа хандуулж, хүчээ нэгтгэж ажиллалаа. Тойргийн төрийн анхан шатны нэгж болсон 30 баг, сумаар орж, иргэдтэйгээ уулзаж, тэдний санал бодлыг сонслоо. Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын багийг аймгийн төв болон сумдад ажиллууллаа. Иргэн бүр эрүүл, боловсролтой байж, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж сумдын эрүүл мэнд болон боловсролын салбарыг техник тоног төхөөрөмжөөр хангах ажилд анхаарч ажиллалаа. Ер нь УИХ-ын гишүүн бол иргэдийн амьдралд тустай хууль эрх зүйн орчныг сайжруулах, аймгийн болон сумдын хөгжлийн чиг хандлагаа зөв тодорхойлоход төрийн болон бүх талын дэмжлэг үзүүлэхийг гол зорилгоо болголоо.

Хамгийн чухал нь Монгол хүний амьдралын чанар сайжирч айл өрхийн орлого өсөх, ажлын байр шинээр нэмэгдэх, ялангуяа залуу үе сайн боловсрол эзэмшиж, хариуцлагатай, ажилтай, эерэг бүхэн хөгжин цэцэглэсэн байхыг билэгшээн ерөөе.

Морилон ирж буй гахай жилд ард түмэн та бүхэнтэйгээ хамтран эх орноо цэцэглүүлэн хөгжүүлэхийн төлөө улам нягт хамтран ажиллах болно.

Төрлөөрөө түвшин амгалан

Элгээрээ энх амгалан

Төр улсаараа элбэг дэлбэг

Төрөл садан хотлоороо сайхан шинэлцгээгээрэй

 

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!