Монголчууд өмнийн цэнхэр говьдоо “Cентоза арал” бий болгох бүрэн боломжтой

🕔 2019/02/18 19:44   

Монголчууд өмнийн цэнхэр говьдоо “Cентоза арал” бий болгох бүрэн боломжтой

 

Монголчууд утаа, хүйтэн хоёроос дайжиж гадагшаа явах болсон. Хавай, Хайнань, Дубай, Тайланд, Сингапур, Вьетнам гээд халуун дулаан орнуудын далайн эрэг монголчуудаар дүүрэн байна. "Монгол аялал”, "Тэнгэр тревэл”-ээс аваад энэ чиглэлийн аялал жуулчлалын компаниуд ч олон болжээ.

Хавайд тав хоноход нэг хүний онгоцны зардал буудлын мөнгөнд 3850 доллар буюу монгол мөнгөөр 10 гаруй сая төгрөг зарцуулагдаж байна. Хайнаньд долоо хоноход хоёр сая гурван зуун мянга, Тайландад найман өдөр болоход гурван сая нэг зуун мянга, Дубайд зургаан өдөр болоход хоёр сая найман зуун тавин мянган төгрөг дунджаар болж байна. Хувьдаа бизнес эргэлдүүлдэг нөхдүүд, мөн төрийн албан хаагчид дээрх орнуудад очоод далайн эрэг дээр наран шарлагын газар амарч байна. Мэдээж улстөрчид, эрхтэн дархтанууд, томоохон бизнесмэнүүд, тэдний үр хүүхэд гэр бүлийг нь хэлэхэд илүүц биз. Өнөө жилийн хувьд сургуулийн хүүхдүүдийн амралт ч багагүй урт хугацаатай байсан. Ер нь боломжтой нэг нь гэр бүлээрээ гадагшаа явах болжээ. Манай сонинд дадлага хийгээд гүйж явсан оюутан охин гэхэд Тайландын арал дээр хэвтчихээд жаргалтай нь аргагүй зургаа сошиалд тавьж байх жишээний. Үнэндээ биднээс бусад нь гадагшаа явчихаж байгаа юм биш үү.

Утаа, хүйтэн хоёроос дайжин халуун дулаан орныг нүүдлийн шувууд шиг зорих нь зөв. Хэн ч гэсэн өөрт таатай газарт аз жаргалтай, сэтгэл амар ганц ч болов өдрийг өнгөрүүлэхийг бодно. Улаанбаатарын утаанд бөглөрч тагларч, ханиад хамуундаа баригдаж, уур бухимдалдаа идэгдэж, хатуухан хэлэхэд амь насаараа дэнчин тавьж амьдрах үнэндээ аргагүй болоод байна. Тэгвэл цаашид энэ хэвээрээ байж, хэн хүнгүй төрийн толгойд гарсан улстөрчдөө элдэв дээдээр зүхэж, Улаанбаатарт амьдрах эцэсгүй болсноо гайхаж утаа, хүйтэн хоёроос зугтан дайжаад байх уу. Монголчууд минь одоо нэн даруй өмнийн цэнхэр говьдоо "Сентоза арал”-ыг бий болгох цаг нь болсныг дахин сануулъя.

Улаанбаатараас зургаан зуу гаруйхан километрийн зайд орших Ханбогдод хот байгуулах тухай "Өдрийн сонин” өмнө нь бичиж байсан. Мөн "Арал худалдаж авъя”, "Монголдоо дулаан арал бий болгоё” ч гэж хүртэл бичиж байсан. Харин одоо Ханбогдын цэнхэр говьд "Сентоза арал”-ыг цогцлоон босгох цаг нь ирсэн байна. Сингапурт байдаг тайван амирлангуйн илэрхийлэл болсон Сентоза арлыг манайхан мэднэ. Хогийн цэг байсан тэр газарт дэлхийн аялал жуулчлал, зугаа цэнгэлийн хамгийн том хотыг босгосон түүхтэй. Далай нь үл мэдэг зөөлөн давалгаалсан, уур амьсгалын хувьд маш таатай газарт баригдсан тэнгэрийн диваажин гэгддэг. Дэлхийн сая сая хүмүүс Сентоза аралд амрахаар зорин ирдэг.

Харин монголчууд бид ийм л диваажингийн арлыг өмнийн цэнхэр говьд бий болгох бүрэн боломжтой. Үүнийг Монголын толгой бизнесмэнүүд хамтарч хийх хэрэгтэй. Мэдээж төр засгийн зүгээс бодлогоор дэмжих ёстой. Хамгийн гол зүйл татварын хөнгөлөлтөөр л дэмжлэг үзүүлчихэд болоод явчих нь тэр. Өнөөдөр улс төрийн хүрээнд 30 гэр бүл гээд яригдаад байдаг. Монголын баялагийг энэ 30 гэр бүл цөлмөөд дууслаа гэж төрийн тэргүүн нь ч ард түмэн нь үзэн ядаад байгаа. Тэгвэл тэр 30 гэр бүл нийлээд "Өдрийн сонин”-ы зүгээс санаачилж буй өмнийн говьдоо аз жаргалын, диваажингийн хот босгох энэ уриалгыг дэмжих хэрэгтэй байна. Ад үзэгдээд байгаа 30 гэр бүлийн дэмжлэг үүнд чухал. Ард түмнийхээ сайн сайхан амьдралд тодорхой хэмжээгээр тус дэм болохгүй болохоор монголчууд бид баян цатгалан хүмүүсээ үзэж чадахгүй, хөрөнгийг нь хураа, шоронд хий гэж аргаа баран давчдан орилоод байгаа юм.

Дэлхийн тэрбумтан Билл Гейтсийн хөрөнгийг хураана гэж хэзээ ч ярьдаггүй биз дээ. Билл Гейтс хүмүүсийн боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд өөрийн хөрөнгийг зардаг болохоор хүн төрөлхтөн түүнд хайртай байдаг. Юун хөрөнгийг нь хураах, харин ч хөрөнгө мөнгө илүү олж олон түмэнд туслаасай гэж боддог. Тэгэхээр мөнгөтэй хүмүүс мөнгөө хав дараад хэвтчих биш, сейфиндээ хийгээд юм уу, оффшорт хадгалуулаад мартчих биш ард түмнийхээ ахуй амьдрал, улс орныхоо ирээдүйд тус нэмэр болж байх хэрэгтэй. Энэ нь таны нэр хүнд болоод амьдралд ч эерэг сайхнаар нөлөөлж таарна. Тийм болохоор Монголын баячууд, уул уурхайн бизнес хийж буй эрхмүүд, ер нь мөнгөтэй хөрөнгөтэй, улс орноо гэсэн чин зүрхтэй хүмүүс нэгдэн нийлж Ханбогдыг газрын диваажинг бий болгоё.

Өмнийн говийн Ханбогдод хот байгуулахад нэг их сүрхий юм шаардагдахгүй. Тэртэй тэргүй тэнд хөрс суурь нь байгаа. Идэр есийн хүйтэнд хасах 40 хэм даваад тас няс хийж байхад Ханбогдод ердөө л хасах арваадхан хэмийн хүйтэнтэй байх жишээний. Энэ жилийн хувьд Ханбогд, Галбын говь тийшээ бараг хасах хэм рүү орж хүйтэрсэнгүй. Улаанбаатарт жавар тачигнаж байхад тэнд нэмэх хэмтэй налайж байна. Уур амьсгалын ийм алтан боломж Ханбогдод байна. Дээрээс нь газрын доорх баялаг нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг Оюу толгой компани тэнд үйл ажиллагаа явуулдаг. Мөн Таван толгойг түшиглэсэн орд газрууд байна. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор ч юм уу, эсвэл Цагаан суваргын орд гээд олон газрууд эргэн тойронд нь байна. Равжаа хутагтын энергийн төв болох Дэмчигийн хийд Ханбогдод байна. Энэ бүхэн чинь Ханбогдод "Сентоза арал” бий болох боломж бололцоо бүрэн дүүрэн байгаа гэдгийг гэрчлээд байна. Төмөр зам тавих хэрэгтэй, засмал замаар бүрэн хангах хэрэгтэй. Дэд бүтэц, инженерийнх нь асуудлыг мэргэжлийнх нь хүмүүс ядах юмгүй тооцоолоод гаргаад ирнэ.

Монголын том гол мөрнүүдийн урсацыг Ханбогд руу татах ажил хийгдэнэ. Гол мөрний урсацын 30 хувийг дотооддоо ашиглах тухай НҮБ-ын конвенцид бий. Хиймэл нуур, хиймэл арал байгуулж таарна, нарны энергиэр дулаан бий болгоно. Ингээд л Улаанбаатарын хасах 40 хэмийн хүйтэнд нэмэх гучин хэмийн дулаантай амралт зугаалын төв, нэгэн сайхан хот өмнийн говьд бий болж байгаа юм. Ханбогд гэсэн нэр хаягтай галт тэрэг Улаанбаатарын өртөөнөөс зорчигч дүүрэн хөдлөөд л, хажуугаар нь жуулчдын компанийн том том автобусууд мөн дүүрэн зорчигчтой өмнийн говийг зориод л.

Арваннэгдүгээр сарын эхэн гээд л хөгшчүүл Ханбогд руу хөдөлж, араас нь хүүхдүүд, ач зээ нар нь аав ээжтэйгээ жижиг тэргээр сүнгэнээд л очиж байх ийм дүр зураг ойрхон байна. Энэ бүхэн үлгэр биш ээ. Монголчууд бид өнөөдөр л зориглож хот босгож, аз жаргалын арал бий болгохгүй бол ирэх он жилүүдэд ахиад л мөнхийн утаа униартайгаа зууралдаж, ханиад томуу цар тахлын хэмжээнд очиж, мөнгөний урсгал гадагшаа чиглэж, утаандаа дарагдсан, түгжээндээ баригдсан, уур бухимдал дээд цэгтээ хүрсэн, мөнгөтэй нэгнээ үзэн ядсан, 76-гаа хараан зүхсэн, нийгмийн сэтгэл зүй хурц хэлбэрт шилжсэн, яахаас ч буцахгүй залуучуудаар дүүрсэн ийм л байдалтай байна. Тэгэхээр төр түмэнтэйгээ нийлж хөдлөөд амралт зугаалгын том хотыг бүтээн байгуулъя. Зөвхөн монголчууд гэлтгүй Алс дорнод Сибирийнхэн ирж амарч байг, Алтайн нуруу дагасан Төв Азийн хүйтэн уур амьсгалтай Казахстан зэрэг орнуудаас захиалга өгөөд баячууд нь ирж амарч байг. Казино байгуулах нь зүйн хэрэг. За тэгээд морин уралдаан, тэмээн пологоос аваад дэлхийн томоохон арлуудад байх бүх л цэнгээн наадааныг бий болгож их мөрөн шиг эргэлдэх мөнгөний урсгалыг татах учиртай. Сибирийн тайгын баячууд дүн өвлийн хүйтнээр зорин ирж далайн эрэг дээр нарлан олон одтой буудлуудад тухална байлгүй.

Өвгөд хөгшид минь өнөөдөр Цагаан сарын ул боовны төлөө л золгүйгээр алтан амиа алдаж байна. Монголын үнэн нүүр царай ийм л байна. Насны хишиг нэртэй таван төгрөгөө авах гэж ахмадууд өдөржин шөнөжин оочерлох биш, галт тэргэнд сууж очоод наран шарлагын Ханбогд арал дээрээ налайж суухыг хармаар байна. Утаанд зарсан 800 тэрбум нэртэй боловч их наядаар хэмжигдэх тэр их мөнгө, ард иргэдийн эрүүл мэнддээ зарж байгаа энэ их мөнгөний урсгал, халуун орнууд руу нүүдлийн шувуу шиг зэллэн зарж байгаа мөнгөний урсгалаа одоо зогсоож, өмнийн говийн ганцхан халуун цэг Ханбогдод хуримтлуулж аз жаргалын диваажинг хамтдаа байгуулъя.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!