Жолооч нар Ми Ми сэргээш хэрэглэж байгааг хэзээ болиулах вэ?

🕔 2017/01/27 10:49   

Ерөнхий сайд Э.Эрдэнэбат өнгөрсөн намар Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын үйл ажиллагаатай танилцав. Тэрбээр "Энэ боомтоор нүүрс, баяжмал гаргах нь чухал ч, хамгийн гол нь хүн амьдардгийг, хүн амьдрах ёстойг, нүүрсийг жолооч нар зөөдгийг мартсан байна.

 

Жолооч нар Ми Ми сэргээш хэрэглэж байгааг хэзээ болиулах вэ?

 

Хилийн наана цаана, хэдхэн зуун метрийн зайд амьдрал, ажиллах орчин нь тэнгэр газар шиг ялгаатай. Боомтын ажилчдын амьдрах, ажиллах орчин болон жолооч нарын аюулгүй байдлын баталгааг хангаж дээрдүүлэхгүй бол арай дэндүү байна” гэж хэлж байсан.

Мөн хэд хоногийн өмнө Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэлэлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн С.Бямбацогт "Тавантолгойн замд нүүрсний тээвэр хийдэг жолооч нар унтахгүйн тулд сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэдэг, үүнээс болж осол аваар гардаг гэх асуудлыг Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүд тавьсан тул нүүрс тээвэрлэж байгаа хэсэгт хяналт тавих зорилгоор Замын цагдаагийн хэсэг байгуулахаар ажиллаж байна” гэсэн мэдээллийг чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлж байсан юм.

Монгол Улсын иргэд ажлын байрандаа сэтгэцэд нөлөөлөх бодисыг дураараа хэрэглэж байгааг бүхэл бүтэн салбарын сайд нь хэлж байхад тоодог хүн алга. Хууль хяналтынхан ч хөдлөх янзгүй. Ерөнхий сайд нь хүртэл очоод үнэн төрхийг нь хэлчихсэн там шиг газарт хэдэн төгрөгийн төлөө нойр хоолгүй, хөлсөө дуслуулж байгаа иргэдээ Монголын төр хэзээ анхаарах вэ.

Нүүрс тээвэрлэж байгаа жолооч нар задарсандаа биш ядарсандаа, нойроо дийлэхгүй, ажлын ачааллаа даахгүй байгаа учраас аргагүйн эрхэнд сэргээш хэрэглэж байгаа гэх нэгэн ч байна. Нэг ёсондоо төрийн ачааг нугалж, улсдаа мөнгө олж өгч байгаа хэрэг.

Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэдэг жолооч нар сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байна, боомтоор бодис оруулахыг завдлаа гэх мэдээлэл шинэ зүйл огт биш. Хэдэн жилийн өмнөөс яригдсан асуудал. Гэтэл дорвитой шийдэлд хүрсэнгүй, дөнгөж л тэнд замын цагдаагийн хэсэг байгуулахаар ярьж байгааг юу гэж ойлгох вэ.

Өдөр, шөнөгүй машины кабинд бууж, суух, хөл гараа амраах завгүй тоос шороотой хутгалдаж яваа жолооч нараа Монгол Улсын Засгийн газар хэдэн төгрөгөөс дорд үзэж байна гэж хэлэхэд хилсдэхээргүй болж. Юу гэвэл, хууль, хяналтын байгууллагаас бүх тээвэрт хяналт явуулъя гэхээр Засгийн газар хоорондын хэлэлцээртэй, улс орны эдийн засаг хямралтай байхад нүүрсний тээвэрлэлтийг зогсоож саатуулж болохгүй гэдэг чиглэлийг дээрээс өгсөн учраас яаж ч чаддаггүй гэнэ.

Тэр бүү хэл, боомтоор орж гарч байгаа хүн, тээврийн хэрэгслийг хятадууд рентгенээр шалгаж байхад манай гаалийнхан итгэл үнэмшлээрээ ажлаа хийдэг байна. Нэг ёсондоо сэжигтэй харагдсан, хэрэг зөрчилд орооцолдож байсан нэгний биед үзлэг хийсэн болоод өнгөрдөг аж. Монгол талд баригдсан иргэд Монголын хуулиар, Хятадын гаальд баригдсан нь тухайн улсын хуулиар шийтгүүлдэг байна. Одоогийн байдлаар хилээр хууль бус зүйл нэвтрүүлсэн хэргээр хоёр хүн БНХАУ-д ял эдэлж байгаа төдийгүй өмнө нь БНХАУ-ын талд хоригдоод, торгуулаад шийтгүүлээд гарсан тохиолдол ч цөөнгүй байдаг байна.

Баталгаатай эх сурвалжийн мэдээллээр Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэдэг жолооч нар Ханбогд сумтай хил залгаа ӨМӨЗО-ны Баяннуур аймгаас Ми Ми хэмээх бодисыг боодлыг нь таван юань буюу 1,800 төгрөгөөр авдаг байна. Жолооч нар энэхүү Ми Ми хэмээх кофейны төрлийн сэргээх бодисыг олон хоног тээвэр хийхдээ хэрэглэдэг бөгөөд Оюутолгой, Тавантолгой болон бусад компанийн 2,000 гаруй хүнд даацын машин зорчдог гэж тооцохоор бодит байдлыг төсөөлөх биз.

Хил гарах ба нүүрс, баяжмал ачсан машины цуваа 30 км-тэй тэнцэхүйц урт дараалалд 2-3 хоног дугаарлахдаа унтахгүйн тулд тээврийн жолооч нар Ми Ми хэмээх сэргээшийг хэрэглэдэг бөгөөд тэнд архи, шар айраг маш хямд үнэтэй учраас хавсарч хэрэглэх нь элбэг байдаг гэнэ. Ингээд зогсохгүй нүүрсний жолооч нар хил гараад ирэхдээ Ми Ми бодисыг худалдан авч нутгийнханд дамладаг гэх.

Эмч мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Ми Ми сэргээх бодис нь эрүүл мэндэд маш хортой бөгөөд олон хоног нойргүйдүүлж сүүлдээ дасал болдог. Сэтгэцэд нөлөөлж, олон жил хэрэглэвэл тархины наалданги үүсгэдэг нэг төрлийн мансууруулах бодис гэж ойлгож болох юм байна. Үүнийг дамлаж зарладаг хэд хэдэн бүлэглэл байдаг бөгөөд нутгийн иргэдээс залуус энэ бодисыг ихээр хэрэглэж, гэртээ хонохгүй, эсвэл хэрэглэсний дараа хэдэн хоногоор унтахгүй байгаа талаар гомдол гаргадаг үзэгдэл хэвийн болжээ.

Өмнөговь аймагт бүртгэгдэж байгаа хэргийн дийлэнхийг зам тээврийн осол эзэлдэг нь уул уурхайн тээвэрлэлттэй холбоотой. Мөн хилээр хууль бус зүйл нэвтрүүлэх гэмт хэрэг ч зонхилдог төдийгүй жилээс жилд өссөн үзүүлэлттэй байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр "Мансууруулах бодис Ми Ми-тэй холбоотой асуудал хятадууд тээвэрлэлт хийдэг байхад их яригддаг байсан.

Баяннуур аймгийн хүмүүс энэ бодисыг их хэрэглэдэг гэсэн. Зах дээрээ нэг боодол нь таван юанийн үнэтэй. Тээвэрт явж байгаа жолооч нар замдаа унтдаггүй учраас сэргэх зорилгоор түүнийг хэрэглэсээр байгаад зуршил болсон юм шиг байна лээ” гэсэн юм. Өмнөговь аймагт хоёр жилийн өмнө сум дундын шүүх байгуулагдаж, өнөө жил Замын цагдаагийн тасаг байгуулахаар ажиллаж байгаа гэх.

Өмнө нь Цагаан хаданд нүүрсийг буулгаад тэндээсээ гаалийн хяналт хийж дахин ачдагаа болиулаад шууд уурхай дээрээс хянадаг болсноор хууль бус эд зүйл гаргах гэсэн оролдлого нэмэгдсэн байна. Сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн гэх хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй учраас болдоггүй. Хилийн тагнуул, сөрөх тагнуулууд энэ хэрэгт хяналт тавьж байгаа ч бүрэн хянаж чаддаггүй гэнэ.

Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа хүмүүсийн эрх тэнд маш их зөрчигддөг байна. Тухайлбал, хилээр хууль бус зүйл нэвтрүүлэх гэж байгаад баригдлаа гэхэд мөрдөн байцаалтын ажиллагаа хамгийн хурдан бол хоёр cap болно. Энэ хугацаанд шалгагдаж байгаа хүн хаашаа ч явж чадахгүй байр түрээслэх, буудалд амьдрахаас өөр аргагүй болно. Мөнгө нь дуусчихвал хоол унд, хонох газаргүй болно. Ийнхүү шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдэх хүртлээ тарчилдаг байна.

Ханбогд сум албан ёсны бүртгэлтэй 6,500, бүртгэлгүй 2,500 орчим иргэнтэй. Хилээр малын мах, түүхий эд, элдвийн үнэт чулууг нүүрсний шалаанзад нууж гаргах гэсэн оролдлого тасралтгүй гарч байгаа зэргээр боомтын техник хэрэгсэл, хүмүүсийн ажиллаж амьдрах орчинд анхаарах цаг болжээ. Амьдралаа залгуулах гэж очсон жолооч нар сэтгэцэд нөлөөлөх бодист донтож осол гаргаж, амь насаа алдах эрсдэлийг хэзээ болиулах вэ?


Ё.ЛХАГВАСҮРЭН: ХЯТАД УЛС МИ МИ-Г МАНСУУРУУЛАХ БОДИС ГЭЖ ҮЗДЭГ

Нүүрсний жолооч нар сэргээш хэрэглэж байгаад цагдаагийн байгууллагаас хэрхэн хяналт тавьдаг талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Өмнөговь аймгийн тээврийн жолооч нар сэргээш хэрэглэдэг асуудлыг шалгаж байгаа юу?

-Цагдаагийн байгууллага хяналт тавьж байгаа. Монгол Улсын хилээр хууль бусаар эм, эмийн бүтээгдэхүүн оруулж ирсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэж оруулж ирсэн хүмүүсийг шалгаж байна. Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар энэ асуудлыг хяналтдаа авч хууль бус бодис хэрэглэж байгаа байдал болон иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу шалгалт хийж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн үүргийн дагуу үйл ажиллагаагаа эрчимжүүлэн иргэдээс ирсэн гомдол мэдээллийг баримтжуулан шалгах ажлууд хийгдээд явж байна.

-Ми Ми бодисын тухайд?

-НҮБ Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан жагсаалтад байгаа зүйлийг мансууруулах бодис гэж үздэг. Нэр заасан тэр бодисын жагсаалтад Ми Ми гэх бодис байдаггүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эмийн жагсаалтад хор хөнөөлийг нь судалж үзээд хүн хэрэглэж болно гэсэн зүйлийг эм гэж нэрлэхээр болсон.

Ми Ми бодисыг албан ёсоор зарахыг хүлээн зөвшөөрөөгүй. Ганц БНХАУ энэ бодисыг мансууруулах бодис гэж үзсэн байдаг. Нэг ёсондоо нойр хүргэдэггүй, ядардаггүй гэх сэргээшийн төрлийн бэлдмэл. Уг бодисыг юунаас гаргаж авсан нь тодорхойгүй, хор хөнөөлийг нь нэг ч эрүүл мэндийн байгууллага судлаагүй. Хүмүүс тодорхойгүй ийм бодисыг өөрийнхөө бие дээр туршиж үзээд байх юм.

Иймд өөрийн биеийг лабораторийн цагаан хулгана шиг байлгаж болохгүй. Ойрын ганц хоёр жилдээ хор уршиг нь мэдэгдэхгүй байж болно. Нас ахихаар хорт хавдар үүсгэж болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн 50 мянган төгрөг хэрэгтэй юу, алс хэтдээ эрүүл мэнд хэрэгтэй юу гэдгийг бодолцох хэрэгтэй.

-Сэргээш буюу допинг гэж юу вэ?

-Допинг буюу тестотерон дааврын синтетик дуураймал буюу стериодын төрлийн бэлдмэлийг анхандаа тураал, хэвтэрт орсон, эсвэл хүнд хагалгаанд орсон хүний биеийг богино хугацаанд сэргээх тэнхрүүлэх эмчлэх зорилгоор гаргаж хэрэглэдэг байж. Монгол хэлнээ сэргээш хэмээн орчуулагдсан допинг нь түр хугацаанд хүн амьтны эд эсийг сэргээх ч хожим эрүүл мэндэд маш хортой нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдсон.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!