Доналд Трамп, Хакүхо М.Даваажаргал нар Японы Сүмо бөхийн холбооны хамгийн том асуудал болоод байна

🕔 2019/04/19 10:49   

Доналд Трамп, Хакүхо М.Даваажаргал нар Японы Сүмо бөхийн холбооны хамгийн том асуудал болоод байна

 


Сүүлийн өдрүүдэд Японы мэргэжлийн сүмо бөхийн холбоог хоёр асуудал хөдөлгөөнд оруулах болжээ. Эхнийх нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх тавдугаар сарын 26-28 өдрүүдэд тус улсад хийх төрийн албан ёсны айлчлалынхаа үеэр Токио хотын Рёогокү Кокүгиан ордонд мэргэжлийн сүмо бөхийг үзэх хүсэлт гаргасан явдал аж. Тэрээр өөрийн албаны хүмүүсээрээ дамжуулан эхний эгнээнд тусгай суудал гаргаж өгөхийг хүссэн байна. Тиймээс өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн Японы Засгийн газар Сүмо бөхийн холбоотой хамтран Доналд Трампыг барилдаан үзэх үеэр аюулгүй байдлыг хангах ажлыг төлөвлөж, анхаарлаа хандуулж эхэлжээ. Зарим эх сурвалж Доналд Трамп зөвхөн тавдугаар сарын 26-нд башён сүүлийн өдрийн барилдааныг үзэхийн тулд айлчлал хийх өдрийг ингэж тохируулсан гэж мэдээлж байна.

Хэдий Японы мэргэжлийн сүмо олон жилийн түүхтэй ч XX зууны дунд үеэс үзэгчдийн тоо эрс багасч эхэлсэн юм. Харин өнөөдөр буцаад олны анхааралд өртөж, цаашлаад АНУ-ын Ерөнхийлөгч хүртэл үзэж, сонирхох хүсэлтээ илэрхийлж байгаа нь Монгол бөхчүүд, аваргуудын гавьяа гэж тус улсын зарим хэвлэл онцолжээ.

Энэ талаар мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал АНУ-ын Ерөнхийлөгч сүмо бөх үзэж сонирхохыг хүсэж байгааг талархан хүлээн авч байна. Түүний өмнө барилдах боломж байнга олдохгүй учир үнэхээр түүнийг ирвэл би хамгийн сайнаараа хичээн барилдах болно” гэсэн байр суурийг илэрхийлсэн аж.

Олны анхаарлыг татах болсон өөр нэг асуудал нь өчигдөр буюу мягмар гаригт Мэргэжлийн Сүмогийн холбооны нөлөө бүхий хүн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалыг ирээдүйд дэвжээний тэргүүн болох зорилгоор Монгол Улсын иргэншлээсээ татгалзаж, албан ёсоор Япон улсын иргэн болох хүсэлтээ гаргасан гэж мэдэгдсэн явдал байв.

Энэ талаар баттай мэдээлэл одоогоор байхгүй байгаа бөгөөд Монгол Улсын холбогдох байгууллагууд ийм утга бүхий хүсэлт одоогоор ирээгүй болохыг баталсан байна. Холбогдох хууль, тогтоомжийн дагуу Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ тухайн оршин сууж буй гадаад орон дахь Элчин сайдын яамандаа гаргаж болдог аж. Тухайн иргэний хүсэлтийг Элчин сайдын яам нь Ерөнхийлөгчийн тамгын газарт дамжуулах журамтай юм.

Энэ талаар иргэд өөр өөрийн байр суурийг илэрхийлж байна. Харин Хакүхо М.Даваажаргал "Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ иргэншлээ солих тухай асуудлын нарийн учрыг тайлбарласан байдаг. Энэ асуудалд хандах аваргын шийдвэрт Монголын ард түмэн хүндэтгэлтэй хандах болов уу. Хэрвээ Хакүхо М.Даваажаргал Японы иргэн болбол олон зуун жилийн түүхтэй сүмо бөх гэх өнөр өтгөн айлд Хакүхо буюу монгол угшилтай дэвжээ бий болох магадлалтай.

Сүмо бөхийн хатуу дэг жаяг, монгол бөхчүүдийг хавчин гадуурхсаар ирсэн нь нууц биш. Үүний жишээг бид зодог тайлсан хоёр аваргынхаа туршлагаар мэдэх билээ. Тиймээс цаасан дээр иргэншлээ өөрчилж болох ч яс, цусан дахь монгол солигдохгүй гэдгийг санаж нарийн учрыг тунгаах нь зүйн хэрэг.

Эх сурвалж: Kyodonewsplus


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!