:Байгалийн гамшиг буюу Сибирийн түймэр

🕔 2019/07/31 11:25   

Сибирийн ой шатаж байгаатай холбогдуулаад нэг дуулсан сониноо сийрүүлье. Надтай хамт ажилладаг онцгой байдлын аврагч, гал сөнөөгч асан залуу өөрт тохиолдсон явдлаа ярьж өгсөн юм.

Монголын 3 гал сөнөөгч түймэр унтрааж яваад хил давчиж. Оросын хилчдэд буу тулгуулсан хойноо л хил давснаа мэдэж. Тэгээд яахав, дүрэмт хувцастай бичиг баримттай яваа болохоор санаа зовсон ч үгүй, гал сөнөөгчид гэдгээ хэлж, хоёр улсын хоорондын хэлэлцээр ёсоор Оросын онцгой байдлынхан ирээд "манайхан" гээд л аваад явж. Ядарч туйлдсан мань 3-ыг аваачиж хоол унд идүүлээд, амрааж гэнэ. Хил дамнасан ойн түймэр оволзож байсан болохоор мань хэд 1 хоног амарч аваад нөгөөдрөөс нь Орос ахан дүүстэйгээ түймэр унтраалцахаар гарчээ. Оросууд хувцас хунар, багаж хэрэгсэл сайтай гэж ярих юм байхгүй. Ингээд түймэртэй тулалдаж гэнэ. Очоод мэл гайхав.

Үнэхээр их гайхсан зүйл нь Оросын гал сөнөөгчид ажлын цагаа яс баримтлах юм гэнэ. Түймэртэй нүдэлдэж байснаа цайны цаг болонгуут шууд орхиод цайлаад суучих аж. Ажлын цаг дуусангуут ээлж солилцоно гээд бас л цаг алдана. Мэдээж энэ хооронд нөгөө намдаж байсан гал нь дахин дүрэлзээд арилж өгнө биз дээ... "Тэгэхэд бид нар юун тэр ажлын цаг, хоол цай, амралт нойр. Эх орон минь шатлаа гээд л гар нүцгэн ч хамаагүй нүдэлдэж байдаг. Хээрийн түймэрт олон ч найз, ах нар минь үрэгдсэн дээ" гээд толгой сэгсэрч байв.

Ингээд 14 хоног Орост байж байгаад Алтанбулагаар орж ирэхэд манай хурандаа хил дээр "Зиа миний хүүхдүүд ядарсан уу? Цаад машиндаа ор. Арын суудал дээр байгаа юмыг задал. Манайхан унтраацан шдээ" гээд халамцуухан инээд алдаад угтаж байсан. Ямар сайхан санагдсан гээ...


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!