"Оюутолгой"-н эзэмшигчийн хувьцааны ханш унасан гурван шалтгаан

🕔 2019/08/05 16:00   

Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Туркойз хилл ресурс” компанийн хувьцааны ханш Торонтогийн хөрөнгийн бирж дээр 0.69 канад доллар, Нью-Йоркын хөрөнгийн бирж дээр 0.53 ам.доллар байна. Өмнөх улиралд ханш хоёр ам.доллар даваад байсан юм. Ханш унахад хэд хэдэн шалтгаан нөлөөлсөн.

Шалтгаан 1.

 Монголын талаас далд уурхайн гэрээнд засвар хийх шаардлагатай гэж дүгнэсэн. Цаашлаад цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Засгийн газрын зарим гишүүд хэлсэн. Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 23-нд  "Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг тавдугаар сард Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн. Ингэхэд,

-Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр ашиг, өгөөж буурчээ.
-Оюутолгой төсөл барьцаанд тавигдсан байна. Монгол Улсын Засгийн газрын өмчлөлд байгаа 34 хувьд ногдох хувьцааг эс тооцвол бүх хөрөнгө, ирээдүйн мөнгөн урсгал, орж ирэх данснуудыг барьцааны агент "Стандарт Чартеред банк”-инд дамжуулан барьцаанд тавьсан.
-Ямар нэгэн эрсдэл үүсэхэд хөрөнгө оруулагч тал гэрээний эрхээ шилжүүлэх, аливаа этгээдэд Оюутолгой ордыг барьцааны хөрөнгөтэй нь худалдаад гарахыг үгүйсгэхээргүй болсон байна.
-Хөрөнгө оруулалтын дүнд тавих хяналт байхгүй байна. Төслийн төлөвлөгдсөн болон авсан зээлийг бүрэн ашиглаагүй байна.
-Дубай хотноо байгуулагдсан далд уурхайн бүтээн байгуулалтын төсөл, менежментийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомж болон Хөрөнгө оруулалтын гэрээ зүйл заалтыг зөрчсөн учир түүнийг нягтлан судалж, хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэж байна.
-Гэрээг Монголын талаас нууцалж байгаа нь экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд эргэлзээ төрүүлж байна гэдгийг онцолсон юм.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

"Рио Тинто” компани менежментийн ашиг 2017 онд 133 сая ам.доллар, мөн өртөг дэх мэргэжлийн үйлчилгээ гээд 69 сая ам.доллар, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү нь 470 сая ам.доллар байгаа юм. "Рио-Тинто”-гийн авч буй ашиг 2017 оны байдлаар 744  сая ам.доллар, Монголынх 175 сая ам.доллар. Ийм л харьцангуй байна. "Рио-Тинто” хөрөнгө оруулагч компани бус харин мөнгө хүүлэгч компани байна. Бид энэ компанийг хөрөнгө оруулагч гэж дөвийлгөх  ч хэрэггүй.

Шалтгаан 2.

Тэгвэл дараагийн шалтгаан нь өнгөрсөн сард "Туркойз хилл ресурс” далд уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ гэрээгээр тохирсноос 1.2-1.9 тэрбум ам.доллараар илүү гарах хэмжээнд очсон тухай зарласан. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшлох талаар зарласан. Тодруулбал, батлагдсан зураг төслийн дагуу гүний уурхайг үргэлжлүүлэхэд  чулуулгийн нөхцөл байдал тогтворгүй, улмаар эрсдэл үүсэх нь геотехникийн нарийвчилсан дата мэдээллээс илэрхий байна. Иймд төслийг амжилттай дуусгахын тулд уурхайн зураг төслийн хэд хэдэн хувилбарыг эргэн авч үзэх хэрэгтэй болсон. Үүнээс улбаалан дунд түвшний тээвэрлэлтийн зам, хүдэр тээвэрлэх систем зэрэг гүний уурхайн дэд бүтцэд нэн чухал байгууламжуудыг өөр газар барих, эсвэл бүр барихаа болих шаардлага үүсэх магадлалтайг судалгаанаас харж болно. Мөн гүний уурхайн ашиглалтын үед хүдрийн панелуудыг олборлох дарааллыг эргэн авч үзэх шаардлагатай болж байна.

"Оюутолгой"-н эзэмшигчийн хувьцааны ханш унасан гурван шалтгаан

Энэхүү дүн шинжилгээгээс хамаарч олборлолтын эхний панел буюу " Панел 0”-ийн зураг төслийн эцсийн хувилбар гарах бөгөөд шинэчлэн боловсруулах ажил 2020 оны эхэн хүртэл үргэлжилнэ. Техникийн чанартай бусад асуудлыг тооцож үзвэл нарийвчилсан үнэлгээ 2020 оны хоёрдугаар хагаст бэлэн болохоор байна. Үүнд гүний уурхайн төслийн үлдсэн ажлыг гүйцэтгэх зардал, хуваарийн эцсийн тооцоолол багтах бөгөөд зураг төслийн сонголтоос улбаалж гарах өөрчлөлтийг тусгасан байна.  Бидний судалж буй загварууд бүгд тогтвортой үйлдвэрлэлд хүрэх замыг зааж өгнө, гагцхүү хуваарь, зардлын ялгаатай юм. Одоогоор эдгээр үнэлгээний зарим нь концепцийн шатанд, зарим нь цар хүрээ, далайцыг тодорхойлох шатанд байгаа тул эцсийн үнэлгээг гаргах хүртэл судалж нягтлах зүйлс их байна. Урьдчилсан мэдээллээс харахад зураг төслийн аль хувилбарыг сонгохоос шалтгаалаадгүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 6 дугаар сарын хооронд эхлэхээр байгаа нь 2016 оны ТЭЗҮ-д заасан хугацаанаас 16-30 сараар хойшлох юм. Босоо ам 2-ын бүтээн байгуулалтын явцад геотехникийн болон бусад хүндрэл гарах магадлалтай эрсдлийн 8 сарыг тус хугацаанд оруулж тооцсон болно. Илүү тодорхой тов гаргахын тулд нарийвчилсан үнэлгээг хийж байна. Дээр дурдсан үнэлгээнүүдийн үр дүнгээс шалтгаалаад гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын капитал зардал 6.5-7.2 тэрбум ам.доллар байх урьдчилсан тооцоо гарч байгаа нь өмнөх дүн 5.3 тэрбум ам.доллараас 1.2-1.9 тэрбум ам.доллараар давуу байна.Энэхүү урьдчилсан тооцоололд ажлын бүтээмжийг мөн урьдчилан тооцоолж багтаасан болно. Нарийвчилсан үнэлгээг эцэслэн гаргах үед өөрчлөгдөж болзошгүй” гэсэн юм.

"Рио Тинто” компанийн Өсөлт, инновацийн группийн гүйцэтгэх захирал Стивен Макинтош

Бид 2019 онд гүний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд хэд хэдэн чиглэлээр ихээхэн ахиц дэвшил гаргалаа. Гэхдээ чулуулгийн нөхцөл байдал бидний төсөөлж байснаас хүнд байгаа тул гүний уурхайн төлөвлөгөөг дахин нягталж, хэд хэдэн хувилбарыг авч үзэх шаардлагатай болж байна. Ийм өргөн далайцтай, нарийн түвэгтэй төслийг хэрэгжүүлэхэд хугацаа хойшлох явдал цөөнгүй тохиолддог. Манай баг ихээхэн ач холбогдолтой энэхүү төслийг амжилтад хүргэх, зөв хувилбарыг олоход онцгойлон анхаарч байгаа.

Шалтгаан 3.

Ханшийн уналтын дараагийн шалтгааныг Эдийн засгийн шинжээч Г.Мөнх-Эрдэнэ гадаад худалдааны дайнтай холбон  тайлбарлажээ. Түүний хэлснээр "Эцэстээ сүүлийн 30 өдрийн хувьцааны дундаж хаалтын ханш 1 ам.доллараас бага түвшинд ирсэн тул Нью Йоркийн хөрөнгийн биржийн бүртгэлийн журмын дагуу ханшаа 1 ам.доллараас дээш түвшинд хадгалах ямар арга хэмжээ авах гэж байгааг тодруулсан албан бичгийг компани хүлээн авлаа. Албан бичгийн хариуг компани удалгүй өгөх үүрэгтэй. 2013 онд далд уурхайн хөрөнгө оруулалтыг зогсооход хувьцааны ханш 4 ам.доллар гаран байсан. 2015 он хүртэл Дубайн гэрээг байгуулах хугацаанд 2.5 ам.долларт хүрч буурч байлаа. Харин гэрээ байгуулах тэр цаг мөчид 4 ам.доллар хүрч байсан юм. Тэгвэл энэ удаад түүх давтагдаж байна. Өмнөхөөс ялгаатай нь гэвэл энэ төслийн үр ашиг бүрэн бүтнээрээ гарах хугацаа /далд уурхайн олборлолт эхлэх/ ердөө 2-3 жил орчим гэж тооцоож байгаа. 2015 онтой харьцуулахад далд уурхайн бүтээн байгуулалт эцсийн шатандаа орчихсон явж байгаа.Харин хувьцааны ханш 0.5 ам.долларт хүрчихсэн. Эсрэгээр 5 ам.долларт хүрэх ёстой бус уу?

Энэ бүхэн надад үнэт цаасны шинжилгээний эцэг Бэнжамин Грахамын хэлсэн "Би 1 ам.долларын үнэ цэнэтэй хувьцаан 50 центээр авах дуртай" үгийг санаад оруулж байна” гэсэн юм.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!