Дэлхий онц байдал зарлачихлаа, Монгол хилээ хаана уу...

🕔 2020/01/31 12:01   

Одоогийн байдлаар дэлхийн 22 оронд илрээд байгаа коронавирусээр өвчилсөн хүний тоо 10 мянга шүргэж, 215 хүн нас бараад байна. Үүнээс гадна халдвар авсан хүний тоо 12 мянга гэж бүртгэгджээ. Хамгийн сүүлд Италид хоёр тохиолдол илэрсэн. Халдвар авсан хүмүүсийн 90 хувь нь БНХАУ-ын иргэд бөгөөд ихэвчлэн 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө уг өвчний үүсгэгчийг биедээ тээсэн байна. Халдварлагчдын тоо хоногт мянга мянгаар нэмэгдэж байгаагаас гадна далд үе нь урт үргэлжилдэг, сарьсан багваахай, могойноос хүнд халдварласан гэж үзэж байгаа, амьтны гаралтай бүлэг вирусээс үүссэн. Амьтнаас хүнд, амьтнаас амьтанд халддаг тул хянах боломж муу, эрсдэл ихтэй. Одоогоор эмчлэх эм, вакцин олоогүй. Зарим хүнд тохиолдолд ДОХ-ын эсрэг эмийг зөвлөхөөс өөр аргагүй байгааг ДЭМБ урд шөнийн буюу 2020 оны нэгдүгээр сарын 31-ны хуралдаанаараа онцолж, цэнхэр гариг даяар онц байдал /SOS/ зарлалаа. Дашрамд хэлэхэд ДЭМБ эбола, зика, гахайн томуу зэрэг өвчний халдвар гарах үед энэхүү онц байдлыг зарлаж байжээ. Эрүүл мэндийн салбар нь сайн хөгжөөгүй, эрүүл ахуйн асуудал ихтэй улс орнуудад халдварлавал хяналтаа алдахаас болгоомжлон SOS зарлаж буйгаа ДЭМБ-ын дарга дурдсан аж. Нийт 22 улсад бүртгэгдсэн тохиолдлын 90 хувь нь Хятадын иргэд, тэр дундаа Уханийн оршин суугчид. Энэ хотын далайн амьтны захаас үүссэн гэсэн оношоос өөр одоохондоо ямар ч ахиц алга. Одоогоор зарим улс орнууд БНХАУ-ын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх, хятад оюутнуудыг хичээлд нь суулгахгүй байх зэрэг арга хэмжээ авч эхэлсэн, олон нийтийн үйлчилгээний газрууд хятад хүнд үйлчлэхгүй байх зэргээр сэргийлэн тусгаарлаж эхэллээ. Хятадтай хамгийн уудам нутгаар хиллэдэг, хамгийн олон боомтоор нээлттэй ажилладаг, хаяа залган суудаг Монгол Улс цаашдаа яах вэ? Дотооддоо чадах бүх арга хэмжээгээ авч байгаа ч энэ нь хангалтгүй гэдгийг ДЭМБ-ын дохио ийнхүү сануулж байна. Саахалт айлын заяа нэг гэж үг бий. Саахалтынхан өвдөөд үхээд байна, бид бас өвдөх, үхэх, хяналтаасаа алдаж хяр дээр жиндэх ёстой юу? Тэр тусмаа манай эрүүл мэндийн салбар ямар төвшинд байгаа билээ? Амны хаалтны ганцхан үйлдвэртэй ангайгаад сууж байгаа. Япон Солонгосоос амны хаалт гуйгаад дэлхий даяар шившгээ дэлгэж буй нь үнэн шүү дээ. Хөршүүд маань долоо хоногт 1000 хүний эмнэлэг барьчихдаг чадалтай айл, хөөрхий Монгол 10 хүнээ оношилж чадахгүй тив дамнуулан оношлуур гуйдаг ядарсан бүл. ДЭМБ онц байдал зарлачихлаа. Монгол Улс хилээ хаана уу. Энэ уудам нутагт малаа хариулаад, тариагаа тариад хоол хүнсээ хангаад байхад бид хилээ хааж хаалгаа цоожлоод жил байтугай хэдэн арванаар тэсч үлдэнэ, тэр байтугайг үйлдвэрлэж сурна! Хүнээр баян хөршөө дагаж, хүний амиар барьцаа тавих эрх цөөхүүлээ монголчуудад үгүй...

Р.ЭМҮЖИН

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!