Ханбогдын эмнэлгийг ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД шилжүүллээ

🕔 2020/02/05 16:42   

Өмнөговь аймгийн Онцгой комиссын хамтарсан багийн ажлын хэсэг өнөөдөр /2020.02.05/ Ханбогд суманд ажиллаж, сумын эмнэлгийг ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ шилжүүлэхээр боллоо.

Ханбогд сумын Онцгой комисс цаг үеийн асуудлаар гурван удаа хуралдаж, сумын хэмжээнд ажиллаж буй 433 төрийн албан хаагчдад N95 хамгаалах гурван ээлжийн маск тарааж өгсөн бөгөөд 10 мянган ширхэг маск захиалсан байна.

Сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдын хуваарь гарган сумын төвд эргүүл хийж, гудамжаар явж буй хүүхэд, иргэдэд коронавирусийн өвчлөлийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч, маскгүй хүнд макс өгч ажиллаж байгаа аж. Мөн сум дундын эмнэлэгт нөөц боломжоороо 300 литр, Онцгой байдал, Цагдаагийн тасагтаа тус бүр 100 литр шатахуун шийдвэрлэн ажиллаж байгаа юм байна.

Энэ талаар Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Б.Бямбасайханаас тодруулахад "БНХАУ-д коронавирусийн өвчлөл эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор урьдчилан сэргийлэх үүднээс хил залгаа сум дундын эмнэлгүүдийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж байна. Тухайлбал, Ханбогд, Ноён сумын сум дундын эмнэлгийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ. Түүнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй. Урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн Засаг дарга болон аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн" гэлээ. 

Тус суманд томуу, томуу төст өвчин их байгаа бөгөөд сүүлийн үед алсын дуудлагын тоо нэмэгджээ. 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!