Ц.Даваасүрэн: Таван толгойн станцыг төрийн хөрөнгөөр барьж, 2024 онд ашиглалтад оруулна

🕔 2020/04/08 13:53   

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн танилцуулж байна.

Таван толгойн цахилгаан станцыг бэлэн буй ТЭЗҮ, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр төрийн өмчийн хөрөнгөөр барихаар болжээ. Тус станцын хөрөнгө оруулалт "Оюутолгой” ХХК-ийн санал болгож байгаагаас 30 хувь бага, эрчим хүчний өртгийн хувьд 50 хувь хямд байх аж. Хөрөнгө оруулалтыг таван жилийн хугацаанд нөхөх боломжтой юм байна.

"Оюутолгой” ХХК нь 2015-2019 оны хооронд 569.4 сая ам.долларыг урд хөршөөс эрчим хүч импортлоход зарцуулжээ. Тус станц баригдсанаар ийм хэмжээний ам.долларыг дотооддоо үлдээх боломжтой талаар Ц.Даваасүрэн сайд мэдээллийн үеэр хэллээ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Таван толгойн цахилгаан станц барих асуудлыг 2018 онд Оюутолгой ХХК-тай гэрээ байгуулсан. Энэ хугацаанд хоёр талаас нэлээд хугацаанд хамтран ажилласан. Тодорхой санал гаргаж байсан бөгөөд станц 1.1 тэрбум ам.долларын өртөгтэй гэсэн саналыг ирүүлсэн. Дэлхийн зах зээлтэй харьцуулахад харьцангуй өндөр. Нэг мегаватт цахилгаан станц барих өртөг нэг сая евро. Тэгэхээр дэлхийн зах зээлээс өндөр үнэ байсны дээр ногдол ашгийг ухраах нөхцөл байдал үүсээд байсан. Тиймээс энэ саналыг хүлээн авах боломжгүй байна гэж үзсэн. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ойрын дөрвөн жилдээ багтааж, 450 мегаватт цахилгаан станцыг төр, Засгийн газар санхүүжүүлэн барихаар шийдвэрлэсэн. Санхүүжилтийг зээл болон янз бүрийн хэлбэрийг ашиглана" гэв. 

Цахилгаан станцын ТЭЗҮ-г олон улсын зөвлөх компанитай хамтран боловсруулсан байсныг ашиглах юм байна. Станц 560-600 сая ам.доллараас багагүй хөрөнгөөр босно гэж үзэж буй бөгөөд энэ нь Оюутолгой ХХК-ийн санал болгож байгаагаас 30 хувь бага, эрчим хүчний өртгийн хувьд 50 хувь хямд байх юм байна. 

Хөрөнгө оруулалтын хувьд Эрдэнэс Таван толгойг түшиглэхээр төлөвлөж байгаа хэдий ч хүндрэл учирвал бонд гаргах юм байна. Бонд гаргахад өртөг өндөр болох хэдий ч Таван толгойн цахилгаан станц маш өндөр ашигтай төсөл гэдгийг салбарын сайд онцолсон. 

Маргаашнаас эхлэн зохион байгуулалтын арга хэмжээг эхлүүлэх бөгөөд Засгийн газраас гаргасан шийдвэрийг Оюутолгой ХХК-ийн удирдлагуудтай уулзахаар болжээ. 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!