Хар алтны зах зээл дэх аваргуудын тулаан өндөрлөв үү

🕔 2020/04/16 15:38   

2020 он гарсаар газрын тосны зах зээлд олон зүйл болж амжлаа. БНХАУ-д гарсан коронавирусийн халдварыг төдийлөн тоомсорлоогүй байсан нэгдүгээр сард нефть олборлогч зарим орнууд газрын тосны үйлдвэрлэлээ багасгав. Аймшигт өвчин тив дамнан тархахтай зэрэгцээд нефтийн үнэ буурч, зах зээл савласан билээ. Цаашлаад  ОПЕК+ буюу газрын тос олборлогч орнуудын хэлэлцээр мухардах тусам нефть олборлогчид, тэр дундаа  энэ зах зээлийн хоёр том тоглогч болох ОХУ, Саудын Арабын нөхцөл байдал дордох шинжтэй байв. 

ТҮГШҮҮРИЙН ДОХИО 

Түүхий эдийн экспортоос эдийн засаг нь голчлон хамаардаг нефть үйлдвэрлэгч орнуудын хувьд түгшүүрийн дохио энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн билээ. АНУ болон Европт үйлдвэрлэл саарсныг цаг агаар дулаарсан, Вашингтон, Бээжингийн худалдааны дайн зэрэг нөхцөл байдалтай холбож байлаа. 

Өнгөрсөн оноос эхлэн дэлхийн газрын тосны зах зээл хямарч магадгүйг ажиглагчид анхааруулж байсан ч өнөөгийнх шиг нөхцөл байдал үүснэ гэж төсөөлөөгүй. БНХАУ-д тархсан коронавирусийн халдварын улмаас олон үйлдвэр, байгууллагын үйл ажиллагаа зогсож эхэлсэн ч энэ бүхэн газрын тосны үнэд төдийлөн нөлөөлөхгүй гэж үзэж байсан юм. Нөгөө талаас, газрын тосны үнэ бирж дэх худалдааны явцад тогтоогдох тул удаан хугацаагаар  үнийг барагцаалан худалдах, нийлүүлэх гэрээ хийх боломжгүй. Гол нь, газрын тос боловсруулаагүй тохиолдолд ашиглах боломж хомс түүхий эд.

ОПЕК-ийн үйл ажиллагаанд тийм ч таатай бус хандахаа болиод дөрвөн жилийн нүүр үзэж буй Оросын тоглогчид их хэмжээгээр олборлосон газрын тосоо хямд зарсан ч хэсэгтээ алдагдал хүлээхгүй гэж шинжээчид мэдэгдэнэ. 

Өөрөөр хэлбэл газрын тосны үнийг боловсруулан гаргаж авсан бүтээгдэхүүн буюу бензин, керосин, мазут, онгоцны түлшний эрэлтээр тодорхойлно. Тэгэхээр нефть боловсруулах үйлдвэрүүд газрын тосны гол худалдан авагчид гэсэн үг. Коронавирусийн улмаас үүсээд буй эдийн засгийн хүндрэл, улс дамнасан тээврийн үйлчилгээний зогсолт зэргээс газрын тосны хэрэглээ, эрэлт бууран, энэ нь нефть боловсруулах үйлдвэрт ч, нефть олборлогчдод ч нөлөөлж эхэлсэн. Ийм нөхцөлд газрын тос олборлогчид зөвхөн олборлолт, үйлдвэрлэлээ багасгаад нэмэр олохгүйг ажиглагчид анхааруулж байлаа. Олборлож буй газрын тосны хэмжээ их, харин эрэлт бага байхад түүхий эдийн ханш буурах нь зүй ёсных бөгөөд 2014 онд баррель нефть 56.5 ам.доллар болсон удаатай. 

Биржийн трейдерүүд ч, нефть боловсруулах үйлдвэрүүд ч эрэлт багасаж буйг даган энэ оны гуравдугаар сар хүртэл "Brent” маркийн газрын тосыг баррель тутамд 50 ам.доллар хүртэлх үнэ хэлж байв. Харин ОПЕК+ буюу газрын тос экспортлогч орнуудын 13 гишүүн болон бусад 11 орны төлөөлөгчдийн хэлэлцээр тохиролцоонд хүрээгүйгээс биржүүд дээрх үнийн хүчтэй савлагаа эхэлсэн. Ингэснээр хэдхэн сарын өмнө шинжээчдийн хэлж чадах хамгийн доод буюу  баррель газрын тос 35 ам.доллар байсан бол гуравдугаар сарын 18-ны байдлаар энэ нь 26.7 ам.доллар хүртэл унахдаа туллаа. 

ТҮҮХЭН ТОХИРОЛЦОО 

Дөрөвдүгээр сарын 9-нд ОПЕК+-ийн хэлэлцээрийн дүнд 2022 оны тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд нефтийн олборлолтыг бууруулах шийдэлд хүрч, тохиролцож чадлаа. Гэлээ ч газрын тосны эрэлт буурч байгаа энэ нөхцөл байдалд олборлолтын хэмжээг бууруулаад ч зах зээл тогтворжих баталгаа үгүй гэж ажиглагчид онцолж буй. Газрын тос экспортлогч орнуудын Эрчим хүчний сайд нар, "Их 20”-ын гишүүн орнуудын төлөөлөгчдийн хийсэн цахим хурлын үеэр тэд газрын тосны зах зээлд хүндхэн нөхцөл үүссэн гэдэгтэй санал нэгдэж байв. Дээрх тохиролцооны дүнд гаргасан шийдвэр одоогийн байдлаар  олборлосон газрын тосыг боломжит үнээр худалдах, өнөөг хүртэл хуримтлагдсан нөөц цаашид ихсэхээс сэргийлэхэд л нөлөөлөх боломжтой гэнэ. ОПЕК+-ийн таамаглаж буйгаар, энэ сард газрын тосны эрэлт хоногт 20 сая баррелиэр буурч магадгүй агаад оны хоёрдугаар хагаст энэ үзүүлэлт хоногт 12 сая баррельд хүрч болзошгүй. Тиймээс уг хэлэлцээрээр, тав, зургадугаар сард нефтийн олборлолтоо хоногт 10 сая баррелиэр, цаашид тодорхой шатлалтайгаар  бууруулахаар болж байна. 

ХЭН БУРУУТАЙ ВЭ

Зах зээлд ийм нөхцөл үүссэнд хэн буруутай вэ? Ажиглагчид ОПЕК+-ийн орнуудын хэлэлцээр бүтэлгүйтэж, тодорхой шийдэлд хүрээгүй удсан, түүхий эдийн ханш унаж, огцом савласны  шалтгааныг онцолж буй. 

Газрын тосны зах зээлээс АНУ-ын компаниудыг шахах Москвагийн тактикийн үр дүн гэж зарим нь үзэж байна. ОПЕК-ийн үйл ажиллагаанд тийм ч таатай бус хандахаа болиод дөрвөн жилийн нүүр үзэж буй Оросын тоглогчид их хэмжээгээр олборлосон газрын тосоо хямд зарсан ч хэсэгтээ алдагдал хүлээхгүй гэж шинжээчид мэдэгдэнэ. Гэхдээ Оросын  Эрчим хүчний сайд Александр Новак гуравдугаар сарын 9-нд Вена хотод ОПЕК-ийн төв байранд болсон хэлэлцээрийн үед зөвшилцөлд хүрэхэд бэлэн байснаа мэдэгдэж, харин Саудын Арабын тал олборлолтоо хоногт 1.5 сая баррелиэр бууруулахыг шаардсан гэж онцолж байв. Дөрөвдүгээр сарын эхээр ОХУ-ын Төрийн тэргүүн В.Путин хэлэхдээ Эр-Риядын зүгээс олборлолтоо багасгах бус, харин ч  нэмэхээр төлөвлөж байна гэж мэдэгдсэн юм. 

Хэлэлцээр бүтэлгүйтсэн ч Саудын Араб ийм нөхцөлд байдалд олбоорлолтоо нэмж, өндөр хувьтай үнийн хөнгөлөлт үзүүлэх нь өрөөлийг төдийгүй өөрийгөө ч хохироох үйлдэл гэдэг нь мэдээж. В.Путиний мэдэгдлийн хариуд Саудын Арабын Гадаад хэргийн сайд Фейсал бен Фархан Аль Сауд энэ бүхэл худал, харин ч хэлэлцээрийн үеэр олборлолтоо багасгахыг Москвагаас хүссэн гэж онцолсон. 

БҮГДЭД ХАМААТАЙ 

Юутай ч энэ зах зээлийн асуудал зөвхөн олборлогч, үйлдвэрлэгч зэрэг голлон тоглогчдод ч бус бүгдэд хамаатай. Худалдан авагчид түүхий эдээ бага үнээр авч буй нь цар тахлын улмаас зогсонги байдалд орж, цаашилбал томоохон хямралд өртөнө гэж таамаглаад буй улс орнуудын эдийн засагт бага ч атугай эергээр нөлөөлнө. Коронавирусийн халдварыг хамгийн түрүүнд давж гараад буй Хятадын хувьд одоо нефтийн том импортлогчийн хувьд үнийн нөхцөлөө газрын тос худалдагчдад тавьж, үүгээрээ үндэсний валютынхаа үнэ цэнийг өсгөх боломж гарч ирж байна. Мөн газрын тос олборлодоггүй, бензин, түлш зэрэг нефтийн бүтээгдэхүүнээ гаднаас авдаг орнуудын хувьд ч нөхцөл байдал эергээр нөлөөлөх төлөвтэй. 

Харин хамгийн тодорхойгүй нөхцөл байдал АНУ-д үүсээд буй. Эрчим хүчний бүтээгдэхүүний  экспортлогч болох эрмэлзэлтэй учир газрын тосны үнэ өндөр байх нь тэдний хувьд ашигтай. Тиймээс ч АНУ-ын нефтийн  компаниуд баррель тутмынх нь үнийг 45 ам.доллараас доош оруулахгүй байхыг хүснэ. Ингээгүй тохиолдолд олон компани дампуурал зарлаж болохын нэг жишээ нь Умард Дакотагийн ордоос газрын тос олборлогч "Whiting Petroleum” боллоо. Гэхдээ нөгөө талаас, америкчууд багагүй хэмжээний нефть гаднаас худалдан авдаг. Тиймээс ч Ерөнхийлөгч Дональд Трамп бензиний үнийг нэмэхгүй байхад онцгой анхаарч ирсэн. Хэрэв бензин, түлшний үнэ өсвөл эдийн засаг, нийгэмд сөргөөр нөлөөлнө гэдгийг тэрбээр онцолж байна. 

НЭГ ЗАВИН ДЭЭР 

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК энэ онд 60 нас хүрч байна. Гишүүн орнуудын ашиг сонирхлыг хамгаалах, газрын тосны үнийг тогтвортой байлгах, түүхий эдийн нийлүүлэлтийг тасралтгүй, тогтвортой байлгах, экпортлогч орнуудын газрын тосноос олох орлогыг боломжийн түвшинд байлгах зорилготой энэ байгууллагын гишүүн орнуудад дэлхийн нефтийн  нийт нөөцийн 2/3 нь ногддог агаад  олборлолтын 36 орчим хувийг эзэлдэг. 1970-аад оны эрчим хүчний хямралууд болон эдийн засгийн хүнд, тааварлашгүй нөхцөл байдалд ч энэ байгууллагын нөлөө, гаргасан шийдвэр, хэлэлцээрүүд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. ОПЕК+ ч өнөөгийн нөхцөл байдалд тохиролцоонд хүрч, бие биенийхээ эрх ашигт аль болох нийцэх шийдвэр гаргах нь зүйг шинжээчид онцолж байна. Өөрөөр хэлбэл, бүгд нэг завин дээр сууж яваагаа санах ёстой.  

Х.ИНГА, Npost.mn


 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!