Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 100 гаруй худаг ширгэжээ

🕔 2020/05/05 11:04   

"Үндэсний мэдээллийн төв"-д өнөөдөр 12:00 цагаас усны салбарын эрдэмтэд, хуульчдын төлөөлөл мэдээлэл хийлээ. Хуралд, Усны судалгааны төвийн захирал Д.Балсандорж, хуульч өмгөөлөгч, доктор Ц.Монгол, усны инженер Ц.Сосорбарам, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн төлөөлөл, " Цэцээ хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн А.Бүддорж нар оролцлоо. Хуралд оролцогчид  говийн ус хомсдож буй нь малчид, ард иргэдийн амьдралд олон хүндрэлтэй асуудлуудыг үүсгэж байна. Ялангуяа, уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж буй Өмнөговь аймагт усны хэрэглээг оновчтой зохицуулах шийдлүүд яаралтай хэрэгтэй байгааг  онцолсон юм. Уул уурхайн салбараас үүдэж, говьд болон хөдөө орон нутагт газрын доорх усны нөөц, газрын гадарга дээрх усны хомсдол үүсч, малчдын амьдралд сөргөөр нөлөөлөх, улмаар хээрийн зэрлэг ан амьтад усгүйн улмаас устаж үгүй болж буй талаар дурдсан юм. Энэ тухай эрдэмтэд, хуулчдын төлөөлөл  УИХ-ын цэцэд өргөдөл гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй учраас хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтэд хандаж буй ажээ. Энэ тухай Усны судалгааны төвийн захирал, доктор Д.Балсандорж "Монгол Улсын усны тухай хууль, үндсэн хуулийн тодорхой зүйл заалтуудад  газрын доорх баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна  гэсэн заалт байдаг боловч өнөөдөр энэ хуулийн заалт хэрэгжихгүй байна.  Өмнөговь аймагт уул уурхайн салбарт хэрэглэгдэж буй  ус Оюутолгойн мэдэлд шилжээд байна. Мөн энэ хуулийн зүйл заалт дан ганц Өмнөговь аймаг, Оюутолгой компани  гэлтгүй  уул уурхай эзэмшдэг компаниудад шууд холбоотой” гэв. Усны инженер Ц.Сосорбарам "Ус ашиглах зөвшөөрлийг  өмнө нь тав, таван жилээр өгдөг байсан боловч усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 20 жилээр олгодог болсон. Үүнээс болж өнөөдөр говийн аймгуудад олон хүндрэлтэй асуудал  үүсээд байгаа төдийгүй Оюутолгой компанийн хэрэглэж буй  усны асуудал хүн, малын усан хангамжинд  муугаар нөлөөлж байна.  Монголчууд бид газар дорх баялагаа бусдын гарт алдаж байна” гэсэн юм.  Өмнөговь аймаг, Цогтцэций суманд  нөхцөл байдал ямар байгаа талаар  "Цэцээ хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн А.Бүддорж ярьсан юм. Тэрээр "Цогтцэций суманд ундны ус ховордож байгаа төдийгүй мал услах усгүй болж байна. Тавантолгой,  Энержи Ресурс, Ухаа худаг зэрэг компаниуд тус аймагт үйл ажиллагаа явуулах болсон цагаас залгаа оршдог гурван багийн 100 гаруй худаг ширгээд байна.  Үүнийг гэрчлэх 352 иргэдийн гарын үсэг, малчдын яриа бидэнд бий.  Малчид уснаас болж муудалцан,  өнгөрсөн жил нэгнийхээ аминд хүрсэн. Өмнөговь аймагт усны асуудал маш хүндээр тусч байна. Үүнээс болж говьд зэрлэг ан амьтад устаж үгүй болж байна” гэв.

www.polit.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!