Өмчийг нь маначихаад эзнийг нь “хошгируулж” болохгүй шүү, Б.Ганхуяг аа?!

🕔 2020/08/21 10:30   

-IPO юу болсон бэ, 1072 хувьцааны ногдол ашиг хаачсан бэ гэж ард түмэн нэхэж байна-
 
"Тархай бутархай” байсан Тавантолгойн орд газрын лицензийг нэгтгэж, яг арван жилийн өмнө "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулж байлаа.
Бүр 1930-аад оны үед нутгийнхан нь хэрэгцээндээ ашиглаж ирсэн нүүрсийг улсаас 1967 онд ашиглахаар шийдэж жижигхэн уурхай ажиллуулж эхэлжээ.
1988-1990 оны хооронд анхны ТЭЗҮ-ийг хийж, нөөцийг нь 6.4 тэрбум тн гэж тогтоож байв.
Ингээд 1990-ээд оноос хойш манай улс төр, бизнесийнхэн "юм мэддэг” болчихсон, Тавантолгойн ордыг лицензжүүлж хэд хэд хувааж аваад, зарим нь хоорондоо маргаж явсаар улсад ирсэн орд газрыг "Эрдэнэс Тавантолгой” ХК манах болсон юм.
 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал
 
Баттулгын Ганхуягийн товч намтар
 
Төрсөн он: 1975
 
Мэргэжил:  Эрх зүйч, улс төр судлаач
 
Мэргэшил:  Магистр
 
Ам бүл: Эхнэр, 4 хүүхэд
 
Ажлын туршлага:
 
1999-2000 онд МҮХАҮТ-ын ажилтан
2001-2007 онд Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч, дрөнхийлөгч
2005-2008 онд ЕТГ-ын орон тооны бус зөвлөх
2005-2007 онд "City phone” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2007-2013 онд "Эрдэнэс” ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга, дэд дарга
2008-2012 онд Засгийн газрын "Тавантолгой”, "Оюутолгой” төслийн Нарийн бичгийн дарга
2007-2013 онд "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга, дэд захирал
2011-2012 онд "ЭрдэнэсТаван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн
2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
2016 онд УИХ-ын гишүүний зөвлөх
2016 -2018 онд "Эрдэнэс Таван толгой” ХК-ийн тэргүүн дэд захирал
2018 оны тавдугаар сараас "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал
 
Хөөрхий, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг төрийн өмчит компаниудыг дайрдаг тавилан тойрсонгүй.
Үе үеийн дарга нар, улс төрд нөлөөтэй нөхдүүд бизнесийнхэнтэй нийлж, "Эрдэнэс Тавантолгой” дээр "бизнес” хийж баллана. Одоохондоо манай хууль, хяналтынхан нотлоогүй ч цаг хугацааны шалгуураар удахгүй тодорхой болох энэ компанийг дагасан нууц бизнес байдаг гэдгийг хэн хүнгүй мэддэг болчихсон.
Ийм учраас "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулсан цагаас удирдаж байсан гүйцэтгэх захирал болгон нь асуудалд орчихдог бололтой юм билээ. Б.Энэбиш, Я.Батсуурь, Б.Батбилэг, Д.Ариунболд гээд бүгд л үүрэг гүйцэтгэсэн биш элдвээр хэлүүлээд буцдаг. Бүр ял авч шоронд суусан нь ч бий.
 
 
 
"Эрдэнэс Тавантолгой” бол хувьцаат компани юм. УИХ-ын гишүүн бүр, Засгийн газрын сайд бүр, бас бид гээд Монголын ард түмэн энэ компанийн эзэн нь гэсэн үг.
 
 
 
Тэр утгаараа нийт ард түмний дийлэнх нь "Эрдэнэс Тавантолгой” ХК хэзээ хувь ашиг өгөх нь үү гээд хараад сууж байдаг юм.
"Эрдэнэс Тавантолгой” өнгөрсөн арваад жилийн түүхийнхээ сүүлийн гуравт нь хувьцааны ногдол өгөх боломжтой болсон байдаг.
Яг тэр үед нь энэ компанийг Б.Ганхуяг гэдэг залуу удирджээ. Одоо ч ажиллаж байна.
Анх Монголын оюутны холбоо гэж олонд танигдаж байсан Б.Ганхуяг уул уурхай, ялангуяа том төслүүдэд ойртож ажилласаар энэ албан тушаалд суусныг та намтраас нь үзээрэй.
Хэдийгээр "Эрдэнэс Тавантолгой” ХК ашигтай ажиллалаа гээд жил бүр цом, шагнал, өргөмжлөл хүртдэг ч өнөөдрийг хүртэл ард түмний гарт баригдаж, нүдэнд харагдсан зүйл бол алга. Тэр зүйл бол бүтэн жил ярьсан IPO, олон жил ярьсан хувьцааны ногдол ашгийг л хэлээд байгаа юм шүү дээ. 
 
 
 
 
Хамгийн сүүлд 2020 оны дөрөвдүгээр сарын 24-нд хуралдсан "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал дээр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн "..."Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 онд 60 сая дахь тонн нүүрс олборлож, нэг тэрбум ам.долларын борлуулалттай, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, анх удаа хувьцаа эзэмшигч иргэддээ ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.
 
 
 
 
Тус компани өнгөрсөн онд Тавантолгой Зүүнбаян, Тавантолгой Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүд болон Улаанбаатар хотын утааг бууруулах "Тавантолгой түлш” ХХК-д шаардлагатай хөрөнгө оруулалт санхүүжилтыг үе шаттайгаар шийдвэрлэсэн” гэсэн тайлангаас "Энэ компани сайн яваа юм байна” гэдгийг дахин баталгаажуулан ойлгож авав.
Ер нь бол "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал 2018 оны тавдугаар сард гүйцэтгэх захирлаарх томилогдсоноосоо хойш л "гоё юм” ярьсаар өнөөдрийг хүрч байгаа юм.
Түүний захирал болсноосоо хойш хийсэн гоё гоё мэдэгдлүүдийг тоймлон сануулъя.
 
2018.07.30. Монгол Улсын 2.5 сая иргэн "Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа эзэмших эрхтэй. Үүнээс 600 мянга гаруй иргэн хувьцаа эзэмших эрхээ баталгаажуулаагүй байна. Иймд өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд иргэдийн хувьцаа эзэмших эрхийг баталгаажуулах  ажлыг эрчимжүүлж байгаа албан ёсоор мэдэгдэж байна. Бид 1072 хувьцааг амилуулах эдийн засгийн суурь нөхцөлийг бүрдүүлж чадлаа.
2018.09.12. Хариуцлагатайгаар хэлье, оны эцэст иргэддээ ногдол ашиг тараана.
2019.01.09. 2019 онд 1072 хувьцааг амилуулах санхүүгийн бүрэн боломж бүрдсэн. Тооцоо судалгааг хийгээд аудитлагдсан тайлангаар нэгж хувьцаагаа хэдэн төгрөгөөр үнэлэх вэ гэдгээ тодорхой болгоно. Түүний дараа тухайн саналаа ТУЗ, УУХҮЯ, Засгийн газарт танилцуулна.  Үүний дараа дөрөвдүгээр сард манай хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно. 700-1072 ширхэг хувьцаатай иргэд байгаа. Нэгж хувьцааны үнэ тодорхой болохоор түүндээ тохирсон ногдол ашиг хүртээх юм.  Ногдол ашиг олгох хэмжээгээр хувьцааны хэмжээ, тоо ширхэг өсөөд явна. Одоогоор 500 гаруй мянган иргэн дансаа нээлгээд байна. Ногдол ашиг шууд данс руу нь орох юм.
 
2019.08.26. 2019 оны ашгаас ногдол ашгийг ямар хэлбэрээр олгох вэ гэдгийг Засгийн газар болон холбогдох мэргэжлийн байгууллагын түвшинд шийдвэрлэн зохион байгуул гэдэг үүргийг өгсөн байгаа
2019.11.11. 2019 он бол бүтээн байгуулалтын жил байх болно. Санхүүгийн бүхий л харилцаагаа олон улстай холбож, олон улсын зах зээлээс IPO босгосон жил байх болно.
2019.12.13. 2020-2021 он гэхэд "Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө таван сая тоннын хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэрийг нээнэ. Ингэснээр хамтран ажиллаж буй компаниудтайгаа нийлээд жилд 6,5 сая тонныг баяжуулах боломжтой болно. Цаашлаад 30 сая тонн нүүрсийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр барихаар ТЭЗҮ боловсруулсан. 2020 онд барилгын ажил эхэлнэ.
2020.02.21. Монгол төрийн компани зөв менежмент явуулсны үр дүнд өнөөдөр иргэд хүртэх ёстой ногдол ашгаа хүртэх боломж  бий болж байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 10 жил дуншсан 1072 хувьцаа амь орлоо.
 
 
 
2019 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан. Нэг их наяд 80 тэрбум төгрөг энэ жил хуваарилагдахаар байна. Үүний 85 хувийг Монгол Улсын Засгийн газар, 14.7 хувийг иргэд 1072 хувьцаагаар, 0.5 хувийг аж ахуй нэгжүүд эзэмшдэг. Нэг ногдол ашигт 90 төгрөг олгоно.
 
 
 
2020.02.19 Бид IPO гаргана. Үүнтэй холбоотой орж ирсэн хөрөнгө оруулалтаар төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлнэ. Төлөвлөж байгаагаар бол компанийн хамааралтай төсөл хөтөлбөр тухайлбал, төмөр зам гэх мэт бүх ажлууд 2022 он гэхэд дуусна. Өнөөдрийн иргэдэд өгч байгаа 96 мянган төгрөг чинь зөвхөн олборлолтын ашгаас олсон ногдол ашиг юм. Дараа нь төсөл хөтөлбөрүүдээс олсон ногдол ашгууд жил дараалан нэмэгдээд явна гэсэн үг.
2020.04.24. "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашгийг иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж буй хувьцаанд мөнгөн хөрөнгөөр тооцож олгоно. Ногдол ашгийг 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс олгохоор төлөвлөсөн.
Б.Ганхуяг захирлын дараалсан мэдэгдлүүдээс хэд нь биелж, хэчнээн нь ажил хэрэг болсныг та бид мэднэ.
Гэтэл өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO ч сураггүй, ногдол ашиг ч алга байна.
 
Харин эсрэгээрээ "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ирээдүйн олборлолт хүндэрсэн, өнгөрсөн жилүүдийн ашиг нь очих төсөлдөө хүрэлгүй "нохойн зам”-аар орсон талаарх таагүй мэдээлэл бидэнд ирж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар УУХҮ-ийн сайд, ЗТХ-ийн сайд нарыг дагуулаад 2020 оны долдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллажээ. Тавантолгой, Оюутолгойн орд газар байрладаг Монголын уул уурхайн гол бүсэд ажиллах үед "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг ч хамт явсан байгаа юм. Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд очсон байжээ. Б.Ганхуяг УИХ-ын даргын айлчлалын төгсгөлд, албан ёсны арга хэмжээ дууссаны дараа "Би үг хэлье” гэж байгаад нэгэн ноцтой гэмээр мэдэгдлийг хийсэн тухай эх сурвалж мэдээлсэн.
Иймээс "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас Тавантолгойн ордын хувьцаа эзэмшигч нийт иргэдийн өмнөөс Өдөр тутмын сонинуудын "Эрэн сурвалжлагч” нэгдэл гуравхан асуулт асууя.
 
Нэгдүгээрт, 1072 хувьцааны ногдол ашиг юу болсон бэ. Ийм ашгийг хүртээх үү. Боломж байгаа юу. Дашрамд 2018 оны цэвэр ашиг 750 тэрбум төгрөг төслөө санхүүжүүлж чадсан уу, төсөлдөө хүрсэн үү?
Хоёрдугаарт, Тавантолгойн IPO "Эрдэнэс Тавантолгой майнинг”-тай хамт татан буугдсан уу. IPO хийх гэж тусдаа нэгж хүртэл байгуулаад олон сая ам.долларын зардал гаргасан. Хохирлыг хэн хариуцах вэ?
Гуравдугаарт, 2020 оны долдугаар сарын сүүлчээр Өмнөговь аймагт УИХ-ын дарган өмнө, БНХАУ-ын Элчин сайдын урд зогсож байгаад Тавантолгойн ордын хөрс хуулалт, олборлолтын талаар та юу ярьсан бэ. Олгой хагаравч тогоондоо гэдэг монгол үгийг учир мэдэх хүмүүс таны хэлсэнд хамаатуулан ярьж байна?
Эцэст нь ганц зүйл сануулъя. Б.Ганхуяг та бол бүх ард түмний өмч "Эрдэнэс Тавантолгой” ХК-д хамаарах лиценз бүхий талбайн нүүрс буюу ашигт малтмалыг алдагдалгүй ашигтайгаар, хулгайгүй цэврээр манаж байх үүргийг л хүлээсэн хүн.
Түүнээс биш тархи угааж, худлаа мэдэгдэл хийх эрхгүй, үүрэггүй. Тиймээс Тавантолгойн ордын эзэн биднийг "хошгируулдаг” мэдэгдлээ зогсоож, бодит байдлыг үнэнээр нь хэлж үүргээ гүйцэтгэнэ үү. Мөн дээрх гурван асуултад албан ёсоор хариу тайлбар хийхийг "ард түмний өмчийн манаач” танд тавьж байна.
 
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!