Оросын агаарын цохилтод Туркийн цэргүүд өртөн амь үрэгджээ

🕔 2017/02/10 11:45   

МОСКВА. /BBC/. Оросын агаарын цэргийн хүчнийхэн Сирийн хойд нутагт агаараас цохилт өгөх үеэрээ Туркийн гурван цэргийг санамсаргүйгээр хөнөөжээ. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийн талд эмгэнэл илэрхийллээ.
 
Туркийн армийн мэдэгдсэнээр, Сирийн Аль-Баб хотоос холгүй орших нэгэн барилгад агаараас цохилт өгчээ. Уг барилгад "Лалын улс” бүлэглэлийн босогчид бий гэж Оросын нисгэгчид тооцоолсон байжээ.
 
Мөн энэ  агаарын цохилтын үеэр Туркийн 11 цэрэг шархадсан байна.
Сирийн иргэний дайнд сөргөлдөгч талуудыг дэмжин оролцож байгаа Орос болон Турк хоёр хамтран сүүлийн хэдэн долоо хоногт тус хот дахь "Лалын улс”-ын байрлалуудад агаараас цохилт өгч байгаа юм.
 
Кремлийн ордноос гаргасан мэдэгдэлд "Сирийн Аль-Баб хотын ойролцоо болсон эмгэнэлт хэрэг явдлын улмаас Туркийн цэргүүд амь үрэгдсэнд эмгэнэн гашуудаж байгаагаа Ерөнхийлөгч Путин Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярих үеэрээ илэрхийлсэн” гэжээ.
 
 
Хоёр талын хооронд уялдаа холбоо хангалтгүй байгаагийн улмаас ийм эмгэнэлт явдал боллоо гэж В.Путин хэлжээ.
"Лалын улс” болон хэт давруу үзэлтнүүдийн бусад бүлэглэлийн эсрэг Сирид ажиллагаа явуулахдаа цэрэг армийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр В.Путин болон Р.Т.Эрдоган нар тохиролцсон байна.
 
Дээрх эмгэнэлт хэргийг талууд хамтран шалгаж байгаа ажээ.
 
2015 оны 11 дүгээр сарын 24-нд Сиритэй залгаа хилийн ойролцоо нисч явсан Оросын цэргийн нисэх онгоцыг Туркийн тал агаарын хилийг нь зөрчсөн гэж үзэн сөнөөгч онгоцноос пуужингаар харван унагаасны улмаас хөрөөд байсан хоёр улсын харилцаа сайжирч эхэлсний дараа энэ эмгэнэлт хэрэг боллоо.
 
"Лалын улс”-ынхныг устган дарах ажиллагааг Туркийн арми өнгөрсөн оны наймдугаар сараас Сирид явуулж эхэлснээс хойш  66 турк цэрэг амь үрэгдээд байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ”агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!