Жолооч нарыг донтуулж байгаа “Мими” хорт бодистой хатуу тэмцье

🕔 2017/03/27 10:34   

Жолооч нарыг донтуулж байгаа “Мими” хорт бодистой хатуу тэмцье

 

Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээ хүрэн, Ганц мод боомтоор нүүрс тээврийн жолооч нарт тулгамдаж байгаа асуудлаар өнгөрсөн долоо хоногт МХЕГ болон Замын цагдаа, Автотээврийн үндэсний төв, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл уулзалдаж санаа бодлоо ярилцаж ямар шийдэл шийдвэр гаргах талаараа нухацтай хэлэлцсэн юм.

Жолооч нарт тулгамдаж байгаа нэг асуудал бол "Мими” хэмээх мансууруулах төрлийн бодис юм. Үүнийг урд хөршөөс их хэмжээгээр оруулж ирж жолооч нарт худалдаалдаж донтуулдаг болсон энгийн үзэгдэл болж аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрсэн талаар холбогдох албаныхан мэдээлэв. Жолооч нар Ханбогд сумтай хил залгаа ӨМӨЗО-ны Баяннуур аймгаас Мими хэмээх бодисыг боодлыг нь таван юань буюу 1,800 төгрөгөөр авдаг байна. Жолооч нар энэхүү кофены төрлийн сэргээх бодисыг олон хоног тээвэр хийхдээ хэрэглэдэг аж. Мөн тамхиныхаа ишинд түрхэж татдаг ингэснээр нойр хүрэхгүй сэргэг явдаг гэнэ.

Хил гарах ба нүүрс, баяжмал ачсан машины цуваа 30 км-тэй тэнцэхүйц урт дараалалд 2-3 хоног дугаарлахдаа унтахгүйн тулд тээврийн жолооч нар аргагүйн эрхэнд мими хэмээх сэргээшийг хэрэглэдэг бөгөөд тэнд архи, шар айраг маш хямд үнэтэй учраас хавсарч хэрэглэх нь элбэг байдаг аж. Сүүлдээ энэ нь явсаар нутгийн иргэдэд дамлан зарах хэмжээнд хүрчээ. Өөрөөр хэлбэл жолооч нар урд хөршөөс машиндаа нууж оруулж ирэн энгийн иргэдэд зарж, борлуулах болсон байна.

Албаны хүний хэлснээр энэхүү бодисыг худалдан авагч нь ихэвчлэн ажилгүй, мөрийтэй тоглоомонд донтсон иргэд байдаг аж. Хямд өртөгтэй тул цаашид хүүхэд, залуучууд сонирхон хэрэглэж үзэхийг үгүйсгэхгүй тул холбогдох байгууллагууд энэ төрлийн хяналтай сайжруулах хэрэгтэй байгааг ч онцолж байлаа.

Одоогоор хүүхэд, залуучууд хэрэглэсэн, худалдан авсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагууд ирээгүй ч жолооч нарын өдөр тутмын хэрэглээ болжээ. Бүр энэ бодисыг хилээр оруулж байгаад баригдсан, худалдан борлуулсан гэх үндэслэлээр 7,8 хүн эрүүгийн хэрэгт холбогдон шүүхийн хаалга татах дээрээ тулчихаад байгаа аж. Хамгийн ихдээ 10 кг "Мими”-г оруулж ирж байгаад баригдсан тохиолдол хүртэл гарчээ.

"Мими”-г урдаас зөөвөрлөж оруулж ирсэн таван этгээд шүүхээс хорих ял авсан бол одоо 4 иргэнд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ. "Мими” хорт бодис хүний эрүүл мэндэд асар их хортой зүйл гэдгийг анхааруулсаар байна. Учир нь уушги цоолно. 90% коффейны орцтой тул бэлгийн сулралд маш хурдан оруулна. Хүний эрүүл мэндэд хортой донтуулагч энэ бодисыг урд хилээр оруулж ирэхгүй байх асуудлыг Засгийн газарт УИХ-ын гишүүн Н.Амарзаяа тавьж, хориглуулахыг шаардсан байгаа юм. Учир нь Мими-гийн хэрэглээ Өмнөговь аймгийн хэмжээнд хальж, цаашлаад хот суурин газарт тархвал үндэсний хэмжээнд хүрэх аюултай тул бага дээр нь дарж, хилээр оруулж ирдэг асуудлыг таслан зогсоох нь зөв гэж үзжээ.

Эмч мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар "Мими” сэргээх бодис нь эрүүл мэндэд маш хортой бөгөөд олон хоног нойргүйдүүлж сүүлдээ дасал болдог. Сэтгэцэд нөлөөлж, олон жил хэрэглэвэл тархины наалданги үүсгэдэг нэг төрлийн мансууруулах бодис гэж ойлгож болох юм байна. Түүнчлэн энэхүү бодисыг их хэмжээгээр, удаан хугацаагаар хэрэглэвэл үхэлд хүргэх аюултайг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхааруулсаар байна.

О.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!