Нүүрс тээвэрлэдэг жолооч нарт баталгаатай, аюулгүй хоол хүнсээр үйлчлэхийг сануулжээ

🕔 2017/04/19 17:32   

Нүүрс тээвэрлэдэг жолооч нарт баталгаатай, аюулгүй хоол хүнсээр үйлчлэхийг сануулжээӨмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээрээс урд хөрш рүү нүүрс тээвэрлэдэг том тэрэгний жолооч нартай холбоотой асуудал, мөн эрх нь ноцтой зөрчигдөж байгаа талаар МХЕГ болон холбогдох газруудаас ярьсаар байгаа.

Хэнэггүй өөрсдийн мэдлэг мэдээлэлгүй байдлаас болж метилийн спирт уух, мөн эрүүл ахуйн шаардлага хангахгүй удсан хоол хүнс хэрэглэж хордох асуудал мэр сэр гарсаар байна. Наад зах нь нүүрс тээвэрлэж буй жолооч нарт зам дагуу амарч тухлах, эрүүл чанартай хоол хүнсээр үйлчлүүлэх боломж бүрдсэн орчин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн зам дагуу нэг ч байдаггүй гэнэ. Мөн Цагаанхад орчим хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ үзүүлдэг 60 гаруй аж ахуйн нэгж, иргэд буюу "гэр гуанз” бий.

Эдгээр иргэдийн төлөөлөлтэй МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү уулзаж, мэдээлэл зөвлөмж өгч "Хүний амь нас, эрүүл мэндийг юугаар ч үнэлэшгүй. Хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл эрхэлж байгаа та бүхэн эрүүл чанартай, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэгтэй. Гарал үүсэл тодорхой, хаяг шошгын мэдээлэл бүрэн, стандарт шаардлага хангасан баталгаатай хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх нь иргэний хариуцлага. Бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалтын горимыг сайтар мөрдөж ажиллах хэрэгтэй. Бид эхлээд та бүхэнд боломж олгож, зөвлөн туслаж, хугацаатай албан шаардлага өгнө.

Харин хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хор хохирол учруулвал төрийн хуулийн дагуу хариуцлага тооцно. Цаашид согтууруулах ундааны зөвшөөрлийг цэгцэлж, цөөрүүлж, хяналтыг чангатгана. Суурин газарт насанд хүрсэн хүн амын тоотой харьцуулж согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийн тоог тогтоох тухай тогтоолыг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай” хэмээсэн юм.

О.Сайхан


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!